Хүүхэд ахуйдаа Майн Ридийн “Оцеола баатар” зохиолыг уншиж, Семинол аймгийн удирдагч Оцеолаг биширдэг байсан бол олон жилийн дараа “Оцеола” хэмээх нэр дахин анхаарал татах болов. Энэ удаад Монголын сагсан бөмбөгчин Шаравжамцын Энхийн-Од буюу Майкийн тоглож буй “Osceola Magic” багтай холбоотой юм.
Ш.Энхийн-Од Монголын сагсан бөмбөгийн түүхэнд олон анхдагч амжилтын эзэн болоод байна. АНУ-ын ахлах сургуулийн сагсан бөмбөгийн “Дэлхийн шигшээ” багт уригдан тоглохоос эхлээд NCAA-ийн нэгдүгээр дивизион, NBA-ийн зуны лигт хүч сорьж, улмаар NBA-ийн багтай албан ёсны гэрээ байгуулсан билээ.
Тэрбээр мөн NBA-ийн хөгжлийн лиг буюу G League-д тоглосон Монголын анхны сагсан бөмбөгчин болсон юм.
“Osceola Magic” дөрвөн тоглолт дараалан хожоод байна
Энэ улирлаас Ш.Энхийн-Од G League-ийн “Osceola Magic” багт тоглож байгаа бөгөөд тус баг эхний дөрвөн тоглолтдоо дараалан ялалт байгуулжээ. Монголын тамирчин ч багийнхаа хамгийн үр өгөөжтэй тоглогчдын нэг болж байна.
Гэхдээ түүний гаргаж буй амжилтыг зөвхөн багийн ялалт, хувийн статистик үзүүлэлтээр хэмжих боломжгүй. Энхийн-Одын олон улсын дэвжээнд гаргаж буй амжилт Монголын олон мянган хүүхэд, залууст үлгэр дуурайл болж, тэдэнд сагсан бөмбөгөөр хичээллэх, илүү өндөр түвшинд хүрэх хүсэл тэмүүлэл төрүүлж байгаа нь чухал юм.
Энхийн-Одын эффект
Дражен Петрович, Стефен Көрри зэрэг дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдийг олон жилийн турш дэмжиж ирсэн хөгжөөн дэмжигчдийн хувьд ч Энхийн-Од шинэ сонирхлын эхлэл болжээ.
Түүний тоглосон лиг, баг бүрийг сүүлийн дөрөв, таван жилийн турш даган үзэж, урьд нь төдийлөн сонирхдоггүй байсан G League-ийн тоглолтын хуваарь, багуудын амжилт, тоглогчдын статистикийг судлах болсон тухай нийтлэлийн зохиогч өгүүлжээ.
“Osceola Magic” баг Монголын сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд орж буй нь Энхийн-Одын нөлөө юм.
Хэзээ нэгэн өдөр Ш.Энхийн-Од NBA-ийн үндсэн бүрэлдэхүүнд тогловол түүний харьяалагдах баг Монголын олон мянган хөгжөөн дэмжигчтэй болох нь дамжиггүй.
