М.Нандинцэцэгийн амьдрал, боксын замналыг харуулсан баримтат кино бүтээжээ

0 comments 1 үзэлт
М.Нандинцэцэгийн амьдрал, боксын замналыг харуулсан баримтат кино бүтээжээ

Монгол Улсын Гавьяат тамирчин, боксын олон улсын тэмцээнүүдийн медальт Мягмардуламын Нандинцэцэгийн амьдрал, спортын замналын тухай богино хэмжээний баримтат кино бүтээжээ.

“AND STILL: A Dream Buried Within” буюу “Зүрхэнд нуугдсан мөрөөдөл” нэртэй уг бүтээлийг Кристофер Круз найруулсан бөгөөд тамирчны бэлтгэл сургуулилтаас гадна эх хүний амьдрал, гадаад оронд бүхнийг шинээр эхлүүлэхэд тулгардаг сорилтуудыг өгүүлэх юм.

Киног М.Нандинцэцэгийн бэлтгэлээ хийж, дасгалжуулагчаар ажилладаг АНУ-ын “Z’s Boxing Gym”-ийн хамт олон бүтээсэн бөгөөд үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.

Медалийн цаадах амьдрал, золиосыг харуулна

Баримтат кинонд М.Нандинцэцэгийн спортын амжилтыг төдийгүй тэр амжилтад хүрэхийн тулд туулсан замнал, гаргасан золиос, хувийн амьдралын тухай өгүүлэхээрээ онцлогтой.

Кино бүтээгчдийн танилцуулснаар, түүний түүх бол зөвхөн боксын рингэн дээрх ялалт, ялагдлын тухай бус, харь оронд амьдралаа шинээр эхлүүлж буй эх хүний хүсэл мөрөөдөл, тэсвэр хатуужлын тухай юм.

М.Нандинцэцэг өдгөө зөвхөн спортын амжилтын төлөө бус, охиныхоо ирээдүй, өөрийн зорилго болон олон жил тээж ирсэн мөрөөдлийнхөө төлөө тэмцэж буйг уг бүтээлээр харуулахыг зорьжээ.

Мэргэжлийн боксын хоёр дахь тулаанаа арванхоёрдугаар сарын 12-нд хийнэ

Баримтат киноны тухай мэдээлэлтэй зэрэгцэн М.Нандинцэцэгийн мэргэжлийн боксын дараагийн тулааны тов тодорхой болжээ.

Тэрбээр 2026 оны арванхоёрдугаар сарын 12-нд АНУ-ын Мэриланд мужийн Балтимор хотын “Patapsco Arena”-д ээлжит тулаанаа хийхээр болсон байна.

М.Нандинцэцэг өнгөрсөн есдүгээр сард тус ордонд мэргэжлийн боксын анхны тулаанаа хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялсан билээ.

Ийнхүү тэрбээр анхны ялалтаа байгуулсан рингэндээ дахин гарч, мэргэжлийн боксын замналаа үргэлжлүүлэх гэж байна.

Монголын эмэгтэй боксын түүхэнд амжилтаа үлдээсэн тамирчин

М.Нандинцэцэг сонирхогчдын боксын төрлөөр олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж, Монголын эмэгтэй боксчдын анхны медалиудыг эх орондоо авчирсан тамирчдын нэг юм.

Түүний онцлох амжилтуудаас дурдвал:

  • 2014 оны Азийн наадам – Хүрэл медаль
  • 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – Хүрэл медаль
  • Дэлхийн цом – Мөнгөн медаль
  • Азийн аварга шалгаруулах тэмцээн – Нэг мөнгө, гурван хүрэл медаль

Сонирхогчдын бокст олон жил өрсөлдсөн тэрбээр 2026 онд мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж эхэлсэн бөгөөд анхны тулаанаа ялалтаар өндөрлүүлсэн юм.

М.Нандинцэцэгийн тухай бүтээсэн “AND STILL” баримтат кино нь спортын амжилтын ард үлддэг хувь хүний тэмцэл, гэр бүлийн амьдрал, хүсэл мөрөөдлийг үзэгчдэд харуулахыг зорьж байна. Түүний мэргэжлийн бокст хөл тавьсан шинэ замнал болон удахгүй болох хоёр дахь тулаан нь уг түүхийн үргэлжлэл болж байгаа юм.

Эх сурвалж: “Таван цагариг” сонин

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй