Өнөө шөнөөс эхлэн АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 150-1,000 төгрөгөөр буурна

0 comments 2 үзэлт
Г.Дамдинням

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх тухай тогтоолыг баталлаа. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын мэдээлснээр, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн энгийн АИ-92 автобензиний үнэ литр тутамд 150 төгрөгөөр, харин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнэ 1,000 төгрөгөөр тус тус буурахаар болжээ.

Засгийн газраас баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 шатахууны жижиглэн худалдааны үнийг хилийн үнэтэй уялдуулан литр тутамд 1,000 хүртэл төгрөгөөр бууруулах ажлыг шатахуун импортлогч, жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр тусгасан байна. Энэхүү үнийн зохицуулалтад шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг холбогдох сайдын батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхээр тогтжээ.

2027 оны бүтээн байгуулалтад зориулж шатахууны нөөц бүрдүүлнэ

Үнийн бууралтаас гадна ирэх 2027 оны бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийг хангах, газрын тосны бүтээгдэхүүний хангамж, бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Засгийн газраас тодорхой үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, зах зээлд шатахууны хомстол үүсэхээс урьдчилан сэргийлж, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан бөгөөд үүнд шаардагдах санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон бусад боломжит эх үүсвэрээр шийдвэрлэхээр болсон байна.

Хилийн үнийн өөрчлөлттэй уялдуулан дотоодын жижиглэнгийн үнийг бууруулж, нөөц бүрдүүлэлтийг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн нь шатахууны зах зээлийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна. Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих энэхүү зохицуулалт өнөө шөнөөс эхлэн хэрэгжсэнээр тээвэр, ложистик болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөгт ирэх дарамтыг тодорхой хэмжээгээр зөөлрүүлэх нөхцөл бүрдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй