Монголын мото спортын олон улсын хэмжээний мастер, “КТМ Монголиа” багийн тамирчин П.Мөрөн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ. Тэрбээр 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойг тохиолдуулан төрийн хүндэт цолоор шагнуулсан байна.
Түүний аав А.Пүрэвдорж мөн мото спортын олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын Гавьяат тамирчин цолтой юм. Ийнхүү П.Мөрөн аавынхаа амжилтыг үргэлжлүүлж, төрийн ижил цол хүртсэн аав, хүү болж байна.
П.Мөрөн шагналаа гардан авсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцахдаа энэ жил олон улсын тэмцээнүүдэд оролцохын зэрэгцээ хүнд бэртэл гэмтэлтэй тулгарснаа дурджээ.
Тэрбээр “Миний хувьд ДАШТ-ий дөрвөн цуврал, Азийн наадам гээд энэ жил 20 гаруй мянган км зам туулсан байна. Хүнд гэмтэлтэй жил байлаа” хэмээн ярьсан байна. Мөн өөрийг нь дэмжиж ирсэн монголчууд болон авто, мото спорт сонирхогчдод талархал илэрхийлжээ.
“Монгол гэдэг нэрийг тавиад уралдахад бахархалтай байдаг”
Олон улсын тэмцээний замд эх орныхоо нэрийг төлөөлөн оролцох нь түүний хувьд онцгой үнэ цэнтэй байдгийг П.Мөрөн онцолсон байна. Тэрбээр “Томоохон тэмцээнүүдэд мотоцикл, каск, хувцсан дээрээ Монгол гэдэг нэрийг тавиад уралдахад бахархалтай сайхан байдаг” гэжээ. Гавьяат тамирчин цол хүртсэндээ итгэж чадахгүй байснаа ч нуусангүй.
“МУГТ цол авсандаа одоо л итгэж байна. Өчигдөр хүртэл итгэж чадахгүй байсан” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.
Залуу тамирчдыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв
П.Мөрөн аав А.Пүрэвдоржийнхоо мото спортод гаргасан амжилтыг үргэлжлүүлж буйгаа онцолж, цаашид энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготойгоо хэлжээ.
Тэрбээр “Аав маань МУГТ цолтой. Аавынхаа залгамжийг авч, мото спортыг дэлхийд гаргахын төлөө хичээж байгаа. Цаашид олон тамирчин төрөн гарна гэж бодож байна. Залуусаа дэмжиж ажиллах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа амжилт гаргасан иргэдэд төрийн одон, медаль, цол хүртээдэг уламжлалтай.
П.Мөрөнгийн энэ удаагийн шагнал нь олон улсын мото спортын тэмцээнүүдэд гаргасан хөдөлмөр, амжилтыг нь үнэлсэн үйл явдал боллоо. Түүний хувьд Гавьяат тамирчин цол хүртсэнээр зогсохгүй залуу үеийн тамирчдыг дэмжиж, Монголын мото спортыг олон улсын түвшинд хөгжүүлэх зорилгоо үргэлжлүүлэхээ илэрхийлсэн юм.
