Холливудын жүжигчин, “Оскар”-ын шагналт Энн Хэтэуэй удахгүй гурав дахь удаагаа ээж болох гэж байна. 43 настай жүжигчин “Late Night with Seth Meyers” нэвтрүүлэгт оролцох үеэрээ жирэмсэн болсон тухайгаа анх удаа илүү дэлгэрэнгүй ярьж, гэр бүлийнхэн нь ирээдүйн хүүхдэдээ өгсөн өвөрмөц хочны талаар хуваалцжээ.
Нэвтрүүлгийн хөтлөгч Сет Майерс түүнийг карьерын амжилтаас гадна гэр бүлдээ шинэ хүн угтан авах гэж байгаад баяр хүргэсэн байна. Хэтэуэй хариуд нь энэ жирэмслэлт өөрт нь маш том баяр төдийгүй жинхэнэ гэнэтийн явдал болсон гэжээ.
“Бид юу хийж байгаагаа мэдэж байсан. Гэхдээ энэ үнэхээр бүтчихсэнд бид зүгээр л шоконд орсон. Бүх зүйл ингэж тохиосонд бид маш их баяртай байгаа. Тиймээс бид ирээдүйн хүүхдээ ‘buzzer beater’ гэж дууддаг” хэмээн жүжигчин инээмсэглэн ярьсан талаар Geo.tv мэдээлэв.
“Buzzer beater” хоч ямар утгатай вэ
Сагсан бөмбөгт “buzzer beater” гэдэг нь тоглолтын цаг дуусахын өмнөх сүүлийн мөчид хийж, багтаа ялалт авчирдаг шийдвэрлэх шидэлтийг хэлдэг. Хэтэуэй энэ хэллэгээр гурав дахь хүүхдийнхээ ирэхийг таатай, яг цагтаа тохиосон гэнэтийн бэлэгтэй зүйрлэсэн байна.
Сет Майерс ч хошигнон “Та нар амжуулжээ, яг төгсгөлийн дохионы өмнө бөмбөгөө цагирагт хийчихлээ” гэж хариулжээ.

Энн Хэтэуэй үнэт эдлэлийн дизайнер Адам Шульмантай 14 гаруй жил ханилж байгаа. Хос хоёр хүүтэй бөгөөд Жонатан, Жек нэртэй хүүхдүүдээ өсгөж байна. Харин одоо тэд гурав дахь хүүхдээ хүлээж байгаа бөгөөд ирээдүйн хүүхдийнхээ хүйсийн талаар ч нарийн дохио өгч эхэлсэн бололтой.