12.12: The Day кинонд тоглосон жүжигчин Юн Дэ Ёль Инчон хотод болсон хийн дэлбэрэлтийн дараа ослын газарт хамгийн түрүүнд тусламж үзүүлсэн хүмүүсийн нэг болжээ. Тэрээр хий алдагдаж байсан хоёр LPG савны хаалтыг хааж, цагдаад мэдэгдсэнээр илүү ноцтой хохирол гарахаас сэргийлэхэд тусалсан байна.
Ёнхап агентлагийн мэдээлснээр аравдугаар сарын 27-ны өглөө 08:45 цагийн орчимд Юн Дэ Ёль Инчоны Мажон-дон дахь худалдааны барилгын ойролцоо алхаж явахдаа хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсжээ.
Тэр даруй тухайн газар руу очиход рестораны гадна байрлах шингэрүүлсэн нефтийн хий буюу LPG-ийн хоёр савны хаалт нээлттэй байсныг анзаарсан байна. Юн Дэ Ёль савнуудын хаалтыг шууд хааж, дараа нь цагдаад дуудлага өгчээ.
Жүжигчин тухайн орчимд амьдардаг учраас хийн савнууд хаана байдгийг өмнө нь мэддэг байсан нь хурдан арга хэмжээ авахад нь тус болсон аж.
Цагдаагийн албан тушаалтан:
“Хэрэв хий үргэлжлэн алдагдсан бол илүү их хохирол учрах эрсдэлтэй байсан. Юн Дэ Ёлийн үйлдэл үүнээс сэргийлэхэд тус болсон гэж бид үзэж байна”
хэмээн мэдээлжээ.
“Би зүгээр л хийх ёстой зүйлээ хийсэн”
Юн Дэ Ёль өөрийн үйлдлийг онцгой зүйл мэтээр хүлээж аваагүй бөгөөд ослын газарт бусдад тусалсан хүмүүсийг илүүтэй онцолсон байна.
Тэр Ёнхап агентлагт:
“Би зүгээр л хийн савнууд хаана байдгийг мэддэг байсан учраас арга хэмжээ авсан. Би ямар нэгэн онцгой зүйл хийгээгүй. Тэнд шархадсан хүмүүсийн цусыг тогтоох гэж оролдож байсан, тусламж дуудаж байсан олон хүн аль хэдийн байсан”
гэж ярьжээ.
Мөн:
“Миний хийсэн зүйлд анхаарал хандуулахаас илүүтэйгээр хохирсон хүмүүс хурдан эдгэрч, учирсан хохирол аль болох хурдан барагдаасай гэж хүсэж байна”
хэмээн нэмж хэлсэн байна.
Дэлбэрэлтээр дөрвөн хүн түлэгджээ
Осол дотор заслын буулгалтын ажил хийгдэж байсан рестораны байранд гарсан байна. Дэлбэрэлтийн улмаас 60 гаруй насны дөрвөн хүн, тэдний дотор гурван ажилтан болон рестораны эзэн нүүр болон биеийн бусад хэсгээр түлэгдэж, эмнэлэгт хүргэгджээ.
Цагдаагийнхан ажлын үеэр хийн хаалтыг хаалгүй орхисон байж болзошгүй гэж урьдчилсан байдлаар үзэж байгаа бөгөөд дэлбэрэлтийн яг шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Юн Дэ Ёль уран бүтээлийн гараагаа театраас эхэлж, 2014 онд Kundo: Age of the Rampant киногоор дэлгэцийн бүтээлд дебют хийжээ. Үүний дараа Asura: The City of Madness, The Outlaws, 12.12: The Day зэрэг кинонд тоглосон байна.
