Сынри гэр бүлтэй болсноо ил болголоо: Ирэх оны эхээр хүүтэй болно

0 comments
Сынри гэр бүлтэй болсноо ил болголоо: Ирэх оны эхээр хүүтэй болно

BIGBANG хамтлагийн гишүүн асан Сынри буюу И Сын Хён гэрлэлтээ аль хэдийн албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд эхнэр нь жирэмсэн гэдгийг баталжээ. Хосын анхны хүүхэд ирэх оны эхээр мэндлэхээр хүлээгдэж байна.

Эхэндээ зөвхөн түүний найз бүсгүй жирэмсэн болсон тухай мэдээлэл цацагдсан тул Сынри гэрлээгүй байгаа гэх таамаг гарч байв. Харин аравдугаар сарын 28-нд тэрээр энэ мэдээллийг залруулж, эхнэртэйгээ хууль ёсны гэр бүл болсноо тодруулсан байна.

Өмнөх өдөр нь Gray News Сынри 20 гаруй настай, олны танил бус эмэгтэйтэй хүүхэдтэй болох гэж байгаа талаар мэдээлжээ. Тус эх сурвалжид хүүхэд ирэх оны нэгдүгээр сард төрөх төлөвтэй, хүү болох нь тодорхой болсон гэж дурдсан байна.

Мөн хос Сөүлийн Каннам дүүрэгт шинэ гэрээ бэлдэж, хүүхдээ төрсний дараа хуримын ёслол хийхээр төлөвлөж байгаа гэж мэдээлсэн байв. Гэвч Сынри өөрөө:

“Одоогоор бид хуримын ёслол хийх талаар бодоогүй байна”

хэмээн тайлбарлажээ.

Одоогоор тэд удахгүй мэндлэх хүүхдээ угтан авах бэлтгэлдээ анхаарлаа төвлөрүүлж байгаа аж.

“Надад хамгаалах ёстой гэр бүл бий”

Сынри өмнө нь Gray News-д өгсөн ярилцлагадаа:

“Надад хамгаалах ёстой гэр бүл бий”

хэмээн хэлж байсан нь тухайн үед анхаарал татаж байжээ.

Харин түүнийг хууль ёсоор гэрлэсэн, удахгүй аав болох гэж байгаа нь тодорхой болсны дараа энэ үг дахин яригдаж эхэлсэн байна.

1980-аад оны сүүл үеийнхний төлөөлөл болсон Сынри 2006 онд BIGBANG хамтлагийн гишүүнээр дебют хийж, Ази даяар танигдсан юм. Тэрээр хамтлагийнхаа хамтаар олон хит дуу гаргаж, K-pop-ийн дэлхийн зах зээлд тэлэх эхний үеийн томоохон оддын нэг болж байв.

Гэвч 2019 онд “Burning Sun” дуулиант хэрэгтэй холбоотойгоор түүний нэр олон нийтийн анхаарлын төвд орсон. Үүний дараа Сынри BIGBANG-аас гарч, шоу бизнесийн салбараас зодог тайлж байгаагаа мэдэгдсэн юм.

Түүнд нийт есөн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж, 2022 оны тавдугаар сард Өмнөд Солонгосын Дээд шүүхээс нэг жил зургаан сарын хорих ял оноосон байна. Тэрээр ялаа эдэлж дуусаад 2023 оны хоёрдугаар сард суллагджээ.

Шинэ хэрэгт нэр холбогдсон ч шалгалт үргэлжилж байна

Сынри энэ оны наймдугаар сард дахин хууль сахиулах байгууллагын шалгалтад орсон талаар эх сурвалж мэдээлсэн байна.

Түүнийг Сөүлийн Каннам дүүргийн нэгэн ресторанд болсон маргаантай холбоотойгоор тусгай халдлага, тусгай заналхийлэл, хууль бусаар хорьсон гэх үндэслэлээр гомдол гаргасан гэжээ.

Гомдол гаргагчийн зүгээс Сынри болон түүнтэй хамт байсан хүмүүс халдаж, сүрдүүлсэн гэж мэдүүлсэн байна.

Харин Сынригийн тал уг мэдээллийг няцаажээ. Түүний өмгөөлөгч Сынри сожүны шил гартаа барьсан нь үнэн ч түүгээрээ хэн нэгнийг сүрдүүлээгүй, мөн халдаагүй гэж тайлбарласан байна.

Холбогдох материалуудыг мөрдөн шалгах байгууллагад хүргүүлсэн бөгөөд хэрэг одоогоор эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа аж.

Ийнхүү Сынригийн хувийн амьдрал дахин олны анхаарлын төвд орж, энэ удаад тэрээр гэрлэлтээ аль хэдийн бүртгүүлсэн, удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаагаа өөрөө баталлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй