ДНК-ийн шинжилгээ олон жилийн нууцыг тайлав
АНУ-д хоёр гэр бүл 38 жилийн өмнө хоёр нярайг хооронд нь андуурч, буруу эцэг эхэд өгсөн байж болзошгүй эмнэлгийн эсрэг шүүхэд ханджээ. Daily Mail-ийн мэдээлснээр, уг алдааг генеалогийн ДНК-ийн шинжилгээний ачаар илрүүлсэн байна.
Кайл Байлин болон Жереми Моррисон нар 1988 оны 1-р сарын 26-нд Хойд Дакота мужийн Графтон хот дахь Unity Medical Center эмнэлэгт төржээ. Тухайн өдөр эмнэлэгт төрсөн цорын ганц нярай хүүхдүүд нь тэд байсан гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.
Гэр бүлүүдийн үзэж буйгаар, хөвгүүдийг төрсний дараа буруу эцэг эхэд нь өгснөөс болж тэд 36 гаруй жил бие биеийнхээ биологийн гэр бүлд өссөн байж болзошгүй аж.
Гэр бүлүүд нөхөн төлбөр шаардаж байна
Үнэн ил болох эхлэл нь Моррисоны өөрийн авга эгч гэж бодож явсан эмэгтэй ДНК-ийн шинжилгээ өгсөн явдал байв. Шинжилгээний хариу түүний жинхэнэ зээ хүү нь Моррисон бус, харин Байлин болохыг харуулжээ.
Гэр бүлүүд аль хэдийн биологийн хөвгүүдтэйгээ уулзсан боловч Байлин, Моррисон хоёр өөр хоорондоо хараахан уулзаагүй байна.


Моррисон өөрийн өссөн гэр бүлд гадаад төрхөөрөө үргэлж ялгардаг байсан тухайгаа ярьжээ. Түүний хэлснээр, гэр бүлийнх нь хүмүүс ихэнхдээ хар үстэй байсан бол тэр цайвар үстэй хүүхэд байсан тул өөрийгөө өөр мэт мэдэрдэг байжээ.
Нэхэмжлэгчид тангарагтны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхийг хүсэж, 50 мянгаас дээш ам.долларын нөхөн төлбөр шаардаж байна. Харин эмнэлэг хариуцлагаа үгүйсгэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсжээ. Тэд 1988 оны баримт бичиг хадгалагдаагүй, тухайн үед ажиллаж байсан ажилтнууд аль хэдийн ажлаасаа гарсан, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан байна.