Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хилийн чанадад эх орноо төлөөлөн суух зарим Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь албан ёсоор гардууллаа. Уулзалтын үеэр төрийн тэргүүн дипломат төлөөлөгчийн газрын удирдлагуудад хандан үндэсний язгуур эрх ашгаа ямагт тэргүүн эгнээнд тавьж, албаны сахилга бат, ёс зүйг чанд сахин ажиллахыг уриалав.
Мөн суугаа орон болон тухайн бүс нутгийн улсуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад бодит үр дүн гаргахыг даалгасан юм. Үүний зэрэгцээ хилийн чанадад монгол хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, эх орноо сурталчлан таниулахад онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Энэ удаагийн шийдвэрээр Итгэмжлэх жуух бичгээ гардан авч, хариуцлагатай албанд томилогдсон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Дипломатууд ойрын хугацаанд холбогдох улс орнуудаа зорьж, үүрэгт ажилдаа орох хуваарьтай байгаа юм:
- Батсүмбэрийн Мөнхжин — Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд;
- Лувсанжавын Өлзийт — Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд;
- Вашагийн Оюу — Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд;
- Гунаажавын Байгалмаа — Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.