Нийслэл хотын хамгийн том спортын баяр болох “Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлт ирэх тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдахаар товлогджээ. Эл олон улсын арга хэмжээний үеэр гүйгчдийн аюулгүй байдлыг хангах, тэмцээнийг амжилттай явуулах үүднээс төвийн зарим гол замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Зохион байгуулагчдын зүгээс тухайн өдрийн 06:00-18:00 цагийн хооронд зарим уулзвар, гарцуудыг бүрэн хаах тул иргэдийг хөдөлгөөний чиглэлээ урьдчилан төлөвлөхийг сануулж байна.
Тэмцээний маршрутын дагуу хөдөлгөөнийг түр хязгаарлах бүс болон хаах уулзваруудын нарийвчилсан байршлыг танилцуулж байна. Дараах цэгүүдэд тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хориглоно:
- Цэцэг төвийн уулзвар болон Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзвар
- Чингэлтэй дүүргийн уулзвар, ХБНГУ-ын Элчин сайдын яамны баруун, зүүн уулзвар
- 11-р хороолол, Сансарын шатахуун түгээх станц болон Сансарын туннел
- Зүүн 4 замын уулзвар, Халдварт, Нарантуул захын уулзвар
- Нүхэн гарц, Жанжин клуб, Улиастай уулзвар
- “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар
- Хан-Уул дүүргийн “И-март” худалдааны төвийн уулзвар, Жаргалан хотхон, Шангри-Ла төвийн уулзвар
Дээр дурдсан бүсүүдэд замын хөдөлгөөнийг түр хязгаарлах тул нийтийн тээврийн чиглэлүүд ч мөн адил өөрчлөгдөх хуваарьтай байгаа аж. Иймд авто машинтай иргэд болон зорчигчид дээрх цагуудад замын ачааллыг тооцож, бусад туслах замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг уриаллаа.