Непалын эрх баригчид Эверест уулын хог хаягдлыг цэвэрлэх, мөсөн голын хайлтыг хянах зорилгоор хүн дүрст робот илгээх хууль эрх зүйн актыг боловсруулж байна. “PEMBA” нэртэй уг төслийг АНУ-д төвтэй ашгийн бус “Geologic Dome” байгууллага болон Непалын “Fourteen Peaks Expedition” компани хамтран санаачилжээ. Тэд роботыг 2026 оны хаврын ууланд авиралтын улирлаар Эверест рүү илгээхээр төлөвлөсөн байна. Энэ тухай “The Kathmandu Post” сонин мэдээллээ.
Эверест рүү илгээхээр “Unitree G1” хүн дүрст роботыг сонгосон байна. Төслийн баримт бичигт дурдсанаар, туршилтын экспедици 52 хоног үргэлжлэх аж. Үүний гол зорилго нь роботууд Эверест дээр хог цуглуулах, мөсөн голыг хянах, уулын аюултай ажиллагаанд тусламж үзүүлж чадах эсэхийг шалгах явдал юм.
“Unitree G1” роботыг Хятадын “Unitree Robotics” компани үйлдвэрлэсэн байна. Тус компанийн цахим хуудаст мэдээлснээр, 1.3 метр өндөртэй, 35 орчим кг жинтэй уг загвар нь 3D лидар (Lidar — зайн мэдрэгч) болон камеруудаар тоноглогджээ. Робот нь таван хуруутай болон гурван хуруутай сарвуутай бөгөөд тус бүр нь 3 хүртэлх кг ачаа зөөх чадвартай. Нэг цэнэглэлтээр хоёр цаг орчим ажиллана. Өнгөрсөн хоёрдугаар сард “Unitree G1” нь өндөр уулын цаг уурын эрс тэс нөхцөлийн туршилтыг амжилттай давжээ. Робот Хятадын Шинжаан мужид хасах 47.4 хэмийн хүйтэнд 136,000 орчим алхам хийсэн байна. Энэ үеэрээ тэрээр газар дээр 186 метр урт, 100 метр өргөн хэмжээтэй Өвлийн Олимпын наадмын бэлгэдэл дүрсейг зуржээ.
“The Kathmandu Post” соны тодотгосноор, одоогоор Непал улсад хүн бус аялагч, авирагчдын үйл ажиллагааг зохицуулах хууль байхгүй аж. Тиймээс “Geologic Dome” болон “Fourteen Peaks Expedition” компаниуд экспедици зохион байгуулах зөвшөөрөл авахаар Непалын эрх баригчдад хандсан байна.
Туризмын газрын дарга Химал Гаутам тус сонинд өгсөн мэдээлэлдээ, уг саналыг хүлээн авмагц Соёл, аялал жуулчлал, иргэний нисэхийн яаманд хүсэлт хүргүүлсэн гэжээ. Яамны зүгээс гарч болох эрсдэл, хураамж авах журам болон бусад асуудлыг тусгасан хуулийн төсөл боловсруулахыг үүрэг болгосон байна. Гаутамын хэлснээр, үндсэн дүрэм журам батлагдмагц экспедицийн зөвшөөрлийг олгох аж. Эдгээр эрх зүйн бэрхшээлийн улмаас төслийг энэ хаврын эцэс гэхэд хэрэгжүүлэх боломжгүй болоод байна.
“Хэрэв бүх зүйл төлөвлөгөөний дагуу явбал туршилтыг ирэх намар зохион байгуулах магадлалтай” гэж “Fourteen Peaks Expedition”-ий менежер Праджвал Ачарья мэдээлэв.
Эверест ууланд хуримтлагдсан хог хаягдлын нарийн хэмжээ тодорхойгүй байна. “National Geographic”-ийн мэдээлснээр, ууланд авирагч бүр дунджаар 8 кг хог хаягдал үлдээдэг бөгөөд үүнд хүчилтөрөгчийн баллон, орхисон майхан, хоолны сав зэрэг багтдаг аж. Эдгээрийн ихэнх хэсэг нь уулын бэл, налууд үлддэг байна. Уулын налууг хог хаягдлаар бохирдуулах болон осол аваараас сэргийлэхийн тулд Непалын эрх баригчид Эверестэд авирах хураамжийг 15,000 ам.доллар болгон нэмэгдүүлсэн юм. Өнгөрсөн зунаас эхлэн Эверестийн хогийг цэвэрлэхэд дроныг ашиглаж эхлээд байгаа билээ.