Өмнөд Солонгосын алдартай дуучин, жүжигчин АйЮ (IU) өөрийн 33 насны төрсөн өдрөө тохиолдуулан нийгмийн эмзэг бүлгийнхэнд зориулж их хэмжээний мөнгөн тусламж үзүүллээ. Тэрбээр баярынхаа өдрөөр бусдад тусламжийн гар сунгадаг сайхан уламжлалтай бөгөөд энэхүү үлгэр жишээ үйлдэл нь манай Монголын урлаг соёлын алдартнууд ч хэрэгжүүлбэл нийгэмд тун тустай, үлгэр дуурайлал болохуйц алхам юм. Энэ удаад тэрбээр нийт 300 сая воныг өөрийг нь дэмждэг “UAENA” фэн клубийнхээ нэрээр хандивласан байна.
Түүний өргөсөн хандиваас Сөүлийн анагаах төв Асанд 100 сая воныг албан ёсоор оноожээ. Энэхүү санхүүжилтийг яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч эдийн засгийн боломжгүйгээс уламжлан зардлаа төлж дийлэхгүй байгаа хүнд өвчтөнүүдийн эрүүл мэндэд зарцуулах аж. Харин үлдсэн 200 сая воныг дараах дөрвөн өөр чиглэлийн тусламжийн байгууллагад тус бүр 50 сая воноор тэгш хуваарилан олгосон байна:
- “Хүүхдүүдтэй хамт” сайн үйлсийн сан;
- “Ганц бие ахмадууд”-ыг дэмжих төв;
- “Солонгосын өрх толгойлсон ээжүүд”-ийн холбоо;
- Буяны “Дулаахан алхам” байгууллага.
Эдгээр тусламжийн сангууд авсан хөрөнгөө залуучууд болон хүүхдүүдэд чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх, ганц бие өндөр настнуудад халамж үзүүлэх, амьжиргааны бэрхшээлтэй өрх толгойлсон ээжүүдийг дэмжихэд тус тус зориулах юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эмчилгээнд нэн шаардлагатай байгаа шинэ аппарат, тоног төхөөрөмж худалдан авахад уг мөнгийг хуваарилахаар төлөвлөжээ. Жүжигчин АйЮ нь зөвхөн төрсөн өдрөөрөө хязгаарлагдахгүйгээр Шинэ жил, Хүүхдийн баяр, Ахмадын баяраар ч нийгмийн сайн сайхны төлөө тогтмол их хэмжээний хандив өргөдөг байна.