Финландад үр хөндөлтийн тоо сүүлийн гурван жил дараалан өсөж байгааг анхааруулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Финландад үр хөндөлтийн тоо сүүлийн гурван жил дараалан өсөж байгааг анхааруулав

Финланд улсад үр хөндөлтийн тоо сүүлийн гурван жил дараалан өсөлттэй гарчээ. Энэ тухай тус улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн үндэсний газар (THL)-аас гаргасан мэдээллийг үндэслэн “Yle” агентлаг мэдээллээ.

Өнгөрсөн онд тус улсад нийт 9,000 гаруй удаа үр хөндөлт хийлгэсэн нь 2024 оны үзүүлэлтээс бараг 4 хувиар өссөн байна. 2010-аад оны үед энэ үзүүлэлт тогтвортой буурч байсан ч 2022 оноос эхлэн ийнхүү дахин өсөх хандлага ажиглагдах болжээ.

Мэргэжилтнүүдийн санааг хамгийн ихээр зовоож буй асуудал бол дахин үр хөндөлт хийлгэх тохиолдол нэмэгдэж буй явдал юм. THL-ийн статистик мэдээллээр, өнгөрсөн онд үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн гуравны нэгээс илүү хувь нь өмнө нь ямар нэг байдлаар жирэмслэлтээ тасалж байсан бөгөөд энэ бүлгийн арван эмэгтэй тутмын нэг нь сүүлийн хоёр жилийн дотор дахин үр хөндүүлсэн байна.

Тус газраас өсөлтийн тодорхой шалтгааныг шууд нэрлэхэд хүндрэлтэй байгаа ч хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж таамаглаж байна. Шинжээчид үүнийг юун түрүүнд эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа юм. Өмнөх жилүүдэд үр хөндөлт буурч байсан нь соён гэгээрүүлэх ажил үр дүнтэй хийгдэж, жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хүртээмж сайн байсантай холбоотой байсан бол 2022 оноос энэхүү эерэг үзүүлэлт эргэж эхэлжээ.

THL нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байгаа бөгөөд 2026 оны намар гарах жилийн тайландаа илүү нарийвчилсан дүн шинжилгээг танилцуулах аж. Финландын Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн яамнаас хэрэв энэ хандлага цаашид тогтвортой үргэлжилбэл зохих арга хэмжээг авна гэдгээ мэдэгдээд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй