АНУ-ын Юта мужийн шүүхээс 36 настай Коури Ричинст нөхрийнхөө амийг хөнөөсөн хэрэгт нь бүх насаар нь хоригдох ял оноолоо. Энэ талаар “Spiegel” хэвлэл мэдээлэв.
Хэргийн материалыг сөхвөл, 2022 оны гуравдугаар сард Коури Ричинс өөрийн нөхөр Эрик Ричинсийн ууж байсан коктейльд мансууруулах үйлчилгээтэй хүчтэй опиоид болох “фентанил”-ыг үхлийн тунгаар хольж өгчээ. Шүүх хурлын үеэр талийгаачийн гурван хүү эхдээ бүх насаар нь хоригдох ял оноохыг шүүгчээс хүссэн байна.
Шүүгч хүүхдүүдийн нэгнийх нь бичсэн захидлыг уншиж сонсгосон бөгөөд тэнд: “Чи миний болон миний ах дүүсийн бүх зүйлийг булаан авсан. Чамайг шоронгоос хэзээ ч битгий гараасай гэж хүсэж байна. Хэрэв чи суллагдвал би өөрийгөө аюулгүй гэж мэдэрч чадахгүй” хэмээн бичжээ.
Хэрэг гарсны дараа Коури Ричинс “Чи надтай хамт байгаа юу?” (Are You With Me?) нэртэй хүүхдийн ном хэвлүүлсэн нь олныг гайхшруулсан юм. Уг номд аавыгаа алдсан хүү уй гашуугаа хэрхэн даван туулж буй, аав нь тэнгэрээс түүнийг хамгаалагч тэнгэр элч болон харж байгаа тухай өгүүлдэг аж.
Шүүх түүнийг хүн амины хэргээс гадна баримт бичиг хуурамчаар үйлдсэн, даатгалын залилан хийсэн, мөн жилийн өмнө нөхөртөө фентанилтай хавчуургатай талх өгч хөнөөхийг завдсан хэргүүдэд тус тус буруутай гэж үзсэн байна.