Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо буюу “Пантом” орчимд эзэнгүй ноход олширч, иргэд, ялангуяа хүүхэд багачуудад аюул учруулах тохиолдол нэмэгдэх боллоо. Энэхүү нөхцөл байдал нь гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэж буй газар чөлөөлөлттэй шууд холбоотой юм. Газраа чөлөөлж, орон сууцанд шилжин орж буй айлууд тэжээж байсан нохойгоо хашаандаа орхиж явснаас үүдэж, хотын төв рүү чиглэсэн золбин нохдын бөөгнөрөл бий болжээ.
Дүүргийн захиргаанаас өгсөн мэдээллээр, Сүхбаатар дүүргийн хэмжээнд нохой устгалын ажлыг “Их булаг” компани гэрээгээр гүйцэтгэж байна. Гандан орчмын дахин төлөвлөлтөөс үүдэлтэй энэхүү асуудал хотын төвийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул Нийслэлийн удирдлагуудаас нохой гаргах ажлыг эрчимжүүлэх тусгай үүрэг өгчээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Тохижилт үйлчилгээний компанийн (ТҮК) ажилчдад хотын төв бүсийг нохойгүй болговол нэмэгдэл урамшуулал олгохоор болсон байна. Хэдийгээр төв хэсгээр нохой гаргах ажил эрчимтэй үргэлжилж байгаа ч дахин төлөвлөлт эрчимтэй хийгдэж буй Төмөр замын вокзал, Бөмбөгөр худалдааны төв орчимд эзэнгүй нохдын элбэгшил өндөр хэвээр байгааг албаныхан тэмдэглэлээ.