Netflix-ийн алдартай реалити шоу болох “Single’s Inferno” нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын оролцогч Күүк Дон Хотой холбоотой сургуулийн үеийн дээрэлхэлтийн асуудал цахим орчинд шуугиан тарьж эхэллээ. Тавдугаар сарын 3-ны өдөр өөрийгөө хуульч хэмээн танилцуулсан “А” гэх иргэн олон нийтийн сүлжээгээр дамжуулан Күүк Дон Хог дунд сургуульд байхдаа бусдыг дээрэлхдэг байсан хэмээн нэр зааж буруутгасан байна.
Хохирогч гэх иргэний дэлгэсэн ноцтой баримтууд
“А” гэх хүний мэдээлснээр Күүк Дон Хо болон түүний тухайн үеийн найз охин болох “С” нар сургуулийн орчинд бусдад дарамт шахалт үзүүлдэг байжээ. Мэдэгдэлд дурдсанаар:
- “С” гэх охин бусад сурагчдыг теннисийн цохиураар цохихыг шаарддаг байсан.
- Сандал дээр үзүүртэй зүйл тавих, шүүгээний цоожинд цавуу хийх зэрэг зүй бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан.
- Күүк Дон Хо нь асуудалтай бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд эдгээр хүчирхийллийг мэдсэн ч дэмждэг байсан.
- Олны өмнө хохирогчийг хайртай мэт жүжиглэн доромжилж, бусдын инээдэм болгодог байсан.
Хохирогч “А” өөрийн бичсэн нийтлэлдээ “Single’s Inferno 4” нэвтрүүлэг цацагдах үеэр сэтгэл санааны маш хүнд дарамтад байснаа илэрхийлсэн юм. Тэрбээр “Шоу цацагдаж байх хугацаанд би там шиг амьдарсан. Дээрэлхэгч хүн хохирогчоо санадаг болов уу? Нийгэмд зөвхөн хохирогч л насан туршдаа тэр хүний нэрийг мартаж чадалгүй нулимстай үлддэг” хэмээн харамсан бичжээ.
Күүк Дон Хогийн няцаалт болон хуулийн тэмцэл
Эдгээр буруутгалын хариуд Күүк Дон Хо өөрийн цахим хуудсаараа дамжуулан урт хэмжээний мэдэгдэл гаргаж, бүх зүйлийг эрс үгүйсгэв. Тэрээр эдгээр мэдээллийг нэг талыг барьсан, бүхэлдээ үндэслэлгүй зүйл хэмээн онцолсон юм. Күүк Дон Хо “Би дээр дурдсан ямар ч хэрэгт холбоогүй гэдгээ тодорхой мэдэгдэж байна” хэмээн мэдэгдээд, “С” гэх охинтой дунд сургуульд байхдаа үерхэж байгаагүй, хэн нэгнийг цохиж, шүүгээнд цавуу хийх зэрэг үйлдлүүдэд огт оролцоогүй гэдгээ тодотгосон байна.
Мөн тэрээр “Хэрэв үнэхээр үнэн байсан бол хүлээн зөвшөөрч, уучлалт хүсэх нь зөв. Гэвч баталгаажаагүй мэдээллийн үр дүнд хууль зүйн фирмийн сурталчилгаа хавсаргаж буй нь харамсалтай” гэж хэлээд, нэр төрд нь халдсан иргэнийг уучлалт гуйхыг шаарджээ. Гэвч “А” үүний дараа Күүк Дон Хотой хийсэн гэх утасны ярианы агуулгыг дэлгэж, багалзуурдах, нулимах, мөнгө дээрэмдэх, сургуулийн аяллын үеэр зодох зэрэг илүү ноцтой шинэ хэргүүдийг нэмж дэлгэсэн нь асуудлыг улам хурцатгаад байна.
Түүний агентлагийн зүгээс дотоод шалгалтаар түүнийг сургуулийн хүчирхийлэлд холбогдоогүй болохыг тогтоосон гэж мэдэгдсэн бөгөөд худал мэдээлэл тараагчдын эсрэг эрүүгийн болон иргэний хариуцлага хүлээлгэхээр хуулийн арга хэмжээ авч эхэлжээ. Харин Netflix-ийн зүгээс “Бид дээрх мэдээллийг баталгаажуулах боломжгүй” гэх товч тайлбар өгөөд байна.