Реппер Ginjin болон Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд нар шинэ уран бүтээл дээр хамтарчээ. Тэд удахгүй нээлтээ хийх “Овгор” уран сайхны киноны дуу болох “Овоо гар” бүтээлийг хамтран дуулсан байна.
Уг дууны продюсероор Алагуй Егоров ажиллажээ. Ийнхүү рэп урсгалын төлөөлөл болсон Ginjin болон жүжигчин Ц.Цэрэнболд нар нэг бүтээлд дуу хоолойгоо нэгтгэсэн нь киноны уран бүтээлийн нэг онцлог болж байна.
Ц.Цэрэнболд өмнө нь киноны дуу дуулж байв
Ц.Цэрэнболдын хувьд энэ нь дуу хөгжмийн салбарт хийж буй анхны ажил биш юм. Тэрбээр 2015 онд “Аав” киноны дууг Гавьяат жүжигчин, дуучин С.Нарантай хамтран дуулж, үзэгч, сонсогчдод хүргэж байжээ.
Харин энэ удаа тэрбээр Ginjin-тэй хамтран “Овоо гар” дууг дуулснаар киноны уран бүтээлд жүжигчний төдийгүй дуучны хувиар оролцож байна.
“Овгор” кино аравдугаар сарын 8-наас гарна
“Ханхуур” пикчерсийн бүтээл “Овгор” уран сайхны кино 1980-аад оны Монгол орны ахуй амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл болон сонголтын үнэ цэнийн талаар өгүүлэх аж.
Киноны гол дүрүүдэд С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Эрхэмбаяр нар тоглосон байна. Тус бүтээл 2026 оны аравдугаар сарын 8-наас үзэгчдийн хүртээл болно.
