Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хамтарсан цэргийн археологийн хайгуулын экспедиц Дорнод аймгийн Халхгол сумын нутагт, Халхын голын байлдаан болсон түүхэн газарт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр гурав дахь удаагийн малтлагын ажлаа амжилттай үргэлжлүүлж байна.
Энэхүү ажил нь 2024 онд хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд байгуулсан “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” яриа хэлэлцээрийн бодит биелэл юм. Уг шийдвэрийн дагуу хамтарсан экспедицийн хайгуулыг 2025 оны тав болон есдүгээр саруудад хоёр удаа цувралаар зохион байгуулж байсан билээ.
Энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн гурав дахь шатны эрлэээр илэрсэн урьдчилсан үр дүн болон онцлох үйл явдлуудыг багцалж харуулбал:
- 40 гаруй шарилын үлдэц илрэв: Тулааны талбараас амь үрэгдсэн дайчдын шарил болон тэдний тухайн үед эдэлж хэрэглэж байсан түүхийн үнэ цэнтэй олон арван олдворуудыг олж тогтоолоо.
- 6 цэргийн нэрийг сэргээв: ОХУ-ын шинжээчид хээрийн нөхцөлд түр лаборатори байгуулан ажиллаж байна. Олдворуудыг нарийвчлан шинжилж, тэдгээрийн хэн болох, ямар зориулалттай эд зүйлс болохыг тогтоон баримтжуулсны дүнд 6 цэргийн алба хаагчийн нэр усыг даруй тогтоож чаджээ.
- Буйр нуурын шумбалт: Хайгуулын багийнхан Буйр нуурт түүхэндээ анх удаагаа хайгуулын шумбалтыг амжилттай зохион байгуулсан байна.
- Цэргийн нандин захидал: Олдсон түүхийн баримтууд дундаас хамгийн сэтгэл хөдөлгөм нь Орос цэргийн эхнэртээ хаяглан бичсэн хувийн захидал байсныг хайгуулын багийнхан онцлов.
Экспедицийн хамтарсан бүрэлдэхүүн
Монголын талаас тус малтлагыг Хуурай замын цэргийн командлалын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Т.Тогмиддүүмий удирдан чиглүүлж байна. Түүнчлэн манай талаас ҮБХИС, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Зэвсэгт хүчний 284, 327 дугаар ангиуд, Хил хамгаалах байгууллага, Онцгой байдлын алба болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын алба хаагчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа юм.
Харин ОХУ-ын талаас Элчин сайдын яамны Батлан хамгаалах атташегийн алба, нарийн мэргэжлийн шинжээчид болон гүний шумбагчид хамтран үүрэг гүйцэтгэж байна.