Британийн “Radio Caroline” радио станц компьютерийн техникийн алдааны улмаас Их Британийн Хаан III Чарльзыг таалал төгссөн тухай хуурамч мэдээллийг эфирээр санамсаргүй цацжээ. Энэ тухай “The Independent” сонин мэдээллээ.
Бодит байдалд нийцэхгүй уг мэдээлэл цацагдсаны дараа тус радио станц нэвтрүүлгээ 15 минутын турш бүрмөсөн зогсоосон байна. Үүний дараа хөтлөгчид эфирт эргэн ирж, гаргасан алдааныхаа төлөө сонсогчдоос хүлцэл өчжээ.
Радиогийн удирдлагуудын тайлбарласнаар, уг мэдэгдэл нь “компьютерийн алдаа”-наас болж гарсан байна. Тус радиод хаант улсын монарх таалал төгссөн тохиолдолд ашиглахаар урьдчилан бэлтгэж бичсэн тусгай хөтөлбөр хадгалагдаж байсан бөгөөд систем үүнийг санамсаргүй байдлаар шууд эфирт ажиллуулжээ.
“Radio Caroline” станцын удирдагч Питер Мур олон нийтийн сүлжээгээр дамжуулан III Чарльз Хаан болон нийт сонсогчдоос гаргасан алдааныхаа төлөө гүнээ уучлалт гуйсан байна.
III Чарльз нь тус улсын түүхэнд хамгийн удаан буюу 70 жил 7 сарын турш төр барьсан Хатан хаан II Элизабетыг таалал төгссөний дараа 2022 оны есдүгээр сарын 8-ны өдөр Британийн хаан ширээнд суусан юм. Түүнийг хаан ширээнд залах албан ёсны ёслол 2023 оны тавдугаар сарын 6-ны өдөр Лондоны Вестминстерийн сүмд (Westminster Abbey) болсон билээ.