“Хийморь” халз барилдаанд Монгол, Өвөр Монголын шилдэг бөхчүүд өрсөлдөнө

0 comments
Хийморь

Монгол, Өвөр Монголын үндэсний бөхийн шилдгүүд оролцох “Хийморь” хоёр төрөлт багийн халз барилдаан аравдугаар сарын 10-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Тус арга хэмжээг “Грийн шоу продакшн”-ы 10 жилийн ой, “Хийморь” төслийн таван жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа бөгөөд Монгол үндэсний өв соёлыг Монгол туургатны улс орнуудаар дамжуулан олон улсад сурталчлан таниулах зорилготой энтертайнмент шоу, багийн халз барилдаан юм. ӨМӨЗО-ны өнөө цагийн шилдэг, хүчит бөхчүүд багаараа Монгол Улсад анх удаа ирж оролцох гэж байна.

Монгол Улсын багийн бүрэлдэхүүн

Монгол Улсаас Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын аварга О.Хангай, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Ц.Бямба-Отгон нар барилдана.

Мөн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, улсын заан Д.Хүдэрбулга, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, улсын харцага Б.Зоригтбаатар, Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар багтжээ.

Өвөр Монголын багт түрүүтэй бөхчүүд багтжээ

Өвөр Монголын багийн бүрэлдэхүүнд ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Шулуун хөх хошууны харьяат Х.Үндэс багтсан байна. Тэрээр 1024 бөхийн барилдаанд хоёр удаа, 512 бөхийн барилдаанд нэг удаа түрүүлжээ.

Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны харьяат С.Эрхэмсүлд 512 бөхийн барилдаанд дөрвөн удаа, Хөлөн буйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны харьяат У.Төрцацрал мөн төрлийн барилдаанд гурван удаа түрүүлсэн амжилттай.

Түүнчлэн Шилийн гол аймгийн Шилийн хотын Уулын Авганар хошууны харьяат Э.Мэргэнбилэг, Зүүн Сөнөд хошууны харьяат Х.Давхарбаяр, Х.Бөхбаяр нар 512 бөхийн барилдаанд тус бүр нэг удаа түрүүлж байжээ.

Ийнхүү Монгол Улс болон Өвөр Монголын хүчит бөхчүүд багийн хэлбэрээр хүч үзэх “Хийморь” халз барилдаан Монгол бөхийн өргөөнд болох гэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй