“Улаанбаатар марафон-2026” түүхэн дээд амжилт тогтоож, гарааны хуваарьт өөрчлөлт орлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатар марафон

Ирэх тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдах “Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтэд бүртгүүлсэн оролцогчдын тоо 46 мянга давж, өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн түүхэн үзүүлэлттэй байна. Оролцогчдын цуваа ийнхүү эрс нэмэгдсэнтэй холбогдуулан зохион байгуулах комиссоос замын хөдөлгөөний ачаалал болон гүйгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс гарааны цагийн хуваарьт шинэчлэлт оруулжээ.

Зохион байгуулагчдын зүгээс гүйлтийн төрөл бүрийг дараах цагийн товоор эхлүүлэхээр шийдвэрлэсэн байна:

  • 07:00 цагт: Бүтэн марафон (42.195 км) Соёлын төв өргөөний баруун талаас гараагаа эхэлнэ.
  • 08:30 цагт: Хагас марафон (21.095 км) болон 10 км-ийн зайн гүйлт эхлэх тов гарчээ.
  • 13:00 цагт: Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт МУИС-ийн урд талбайгаас стартлана.
  • 15:00 цагт: Гэр бүлийн ангиллын 1.5 км-ийн гүйлт зохион байгуулагдана.
  • 15:30 цагт: Тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэдийн 1.5 км-ийн зайн гүйлт МУИС-ийн урд талаас гарна.
  • 16:00 цагт: Тусгай олимпын 800 метрийн төрөл Спортын төв ордны харалдаа замаас эхэлнэ.
  • 16:10 цагт: Тусгай олимпын 500 метрийн гүйлт Улаанбаатар зочид буудлын орчмоос гараагаа авна.

Марафонд оролцогчид өөрийн бүртгүүлсэн төрөл, ангиллын дагуу гарааны бүсэд дор хаяж 30-60 минутын өмнө бэлэн байх шаардлагатайг сануулж байна. Энэ хугацаанд энгэрийн дугаар, цаг хэмжигч чипний хэвийн ажиллагааг урьдчилан шалгах нь техникийн аливаа саатлаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Нийтийн биеийн тамирыг сурталчлах зорилготой уг олон улсын гүйлтийн цар хүрээ жилээс жилд тэлж, гадаад, дотоодын тамирчдын хүсэн хүлээдэг томоохон баяр болон хувирчээ. Гүйлтийн маршрут, зохион байгуулалт болон бусад нэмэлт мэдээллийг ulaanbaatar.marathon.mn албан ёсны цахим хуудаснаас нягтлах боломжтой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй