Хятадад амьтны хэлний орчуулагч төхөөрөмж бүтээжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Meng Xiaoyi

Хятадын “Meng Xiaoyi” стартап компани гэрийн тэжээвэр амьтдад зориулсан дуут орчуулагч бүтээснээ зарлалаа. Амьтны хүзүүнд зүүдэг уг төхөөрөмж нь тэдний гаргаж буй дуу авиа, сэтгэл хөдлөл болон хэллэгийг таньж унших чадвартай гэнэ. Энэ талаар Oddity Central цахим хуудас мэдээллээ.

Тус компани тавдугаар сарын эхээр орчуулагч төхөөрөмжийнхөө урьдчилсан захиалгыг авч эхэлсэн байна. Хиймэл оюун ухаанд суурилсан уг төхөөрөмжийг амьтны хэлийг 95 орчим хувийн нарийвчлалтайгаар орчуулдаг хэмээн “Meng Xiaoyi” компанийнхан баталж байгаа юм.

Уг төхөөрөмж нь 118 ам.долларын үнэтэй бөгөөд одоогийн байдлаар 10,000 гаруй урьдчилсан захиалга аваад байгааг компанийн зүгээс мэдээлжээ.

Олон нийтийн эргэлзээ ба шүүмжлэл

Хэдийгээр урьдчилсан захиалгын тоо өндөр байгаа ч олон нийтийн сүлжээний хэрэглэгчид уг бүтээлд нэлээд эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, зарим хэрэглэгчид үүнийг гэрийн тэжээвэр амьтны орчуулагч биш хэмээн үзэж байгаа юм.

“Энэ бол гэрийн тэжээвэр амьтны орчуулагч биш, харин хүний оюун ухааныг шалгах тест байна” хэмээн тэд егөөдөн бичжээ.

“Meng Xiaoyi” компанийн мэдээлснээр, орчуулагч төхөөрөмжийг “Tongyi Qianwen” хэмээх том хэлний загварын технологид суурилан хөгжүүлсэн аж. Төхөөрөмжийн санд гэрийн тэжээвэр амьтдын зан төрх, хэл ярианы тухай асар их өгөгдөл хуримтлагдсан гэнэ. Харамсалтай нь, эдгээр мэдэгдлийг батлах ямар нэгэн шинжлэх ухааны туршилт, судалгааны үр дүнг тус компани одоогоор олон нийтэд танилцуулаагүй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй