Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг хүнсний өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Замын-Үүд боомтоор 36 мянган ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Улсын хилээр чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцад гаалийн байгууллага томоохон зөрчил илрүүллээ. Энэ сарын 19-ний өдөр Замын-Үүд боомтоор нийт 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндгийг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон байна. Хураагдсан бүтээгдэхүүнийг гаалийнхан саатуулж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгаж эхэлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн болон “Атрын 4 дүгээр аян”-ы үр дүнд манай улс өдгөө өндөгний хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа юм. Үлдсэн хувийг зохицуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн “сард улсын хилээр 9 сая ширхэг хүнсний өндөг импортлох” шийдвэрийг мөрдүүлж байна. Энэхүү квотын дагуу өдгөө ОХУ-аас Алтанбулаг, Боршоо, Цагааннуур зэрэг боомтуудаар дамжуулан өндөг импортлон оруулж ирж байгаа аж.

Гаалийн байгууллагын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар БНХАУ-аас өндөг импортлох чиглэлээр эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн нэг ч аж ахуйн нэгж байхгүй байна. Тиймээс ОХУ-аас импортолж буй өндөгнүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс дараах хатуу шалгууруудыг тавьж, гаалийн хяналт болон бүрдүүлэлтийг хийж байгааг албаныхан иргэд, ААН-үүдэд анхаарууллаа:

  • Эрсдэлийн үнэлгээ: Зөвхөн олон улсын эрсдэлийн үнэлгээнд хамрагдсан Оросын үйлдвэр, аж ахуйн нэгжээс түүхий эдийг бэлтгэсэн байх.
  • Албан ёсны зөвшөөрөл: Мал эмнэлгийн ерөнхий газраас тусгайлан олгосон “Импортын мэдэгдэл”-тэй байх шаардлагатай.
  • Техникийн стандарт: Монгол Улсад мөрдөгдөж буй өндөгний техникийн шаардлага болох MNS0095:2022 стандартыг бүрэн хангасан байх.

Иймд хүнсний өндөг импортлох сонирхолтой компаниуд “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан журмыг чанд мөрдөх ёстой. Тухайн заалтад “Тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх” гэж заасан байдаг тул импортлохоос өмнө эрсдэлийн үнэлгээ хийлгэж, Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл заавал авсан байх шаардлагатайг гаалийн байгууллагаас онцгойлон санууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй