Table of Contents
Олон нийтийн сүлжээний аварга “Инстаграм” платформ хэрэглэгчдэдээ зориулан түр хугацаанд харагдаад устдаг зураг хуваалцах “Instants” хэмээх шинэ цэсийг нэвтрүүлж эхэллээ. Энэхүү шинэ функц нь хэрэглэгчдэд өөрийн дагагчид болон “Close Friends” буюу дотны найзууддаа зөвхөн нэг удаа үзэх боломжтой хувийн гэрэл зургуудыг илгээх боломжийг олгох бөгөөд тухайн контент нь 24 цагийн дараа ямар нэгэн мөр үлдээлгүй автоматаар устах зохицуулалттай аж.
Засваргүй, бодит дүр төрхийг чухалчилсан шинэ шийдэл
Тус платформын уламжлалт хуудсууд ихэвчлэн янз бүрийн шүүлтүүр ашиглаж, өнгө үзэмжийг нь дээд зэргээр зассан контентоор дүүрдэг бол шинээр гарч буй “Instants” функц нь үүний яг эсрэг үзэл баримтлалыг сурталчилж байна. Хэрэглэгчид зургаа хуваалцахдаа зөвхөн аппликэйшн доторх камераар агшныг буулгах ёстой бөгөөд гар утасныхаа галлерейгаас бэлэн зураг оруулах эсвэл элдэв эффектээр өөрчлөх боломжгүй юм. Текст нэмэхээс өөр нэмэлт өөрчлөлт оруулах эрхгүй энэхүү үйлдлийн цаад зорилгыг толгой компани болох Meta-ийн зүгээс амьдралын цаг мөч бүрийг байгаа чигээр нь, ямар нэгэн дарамтгүйгээр хуваалцахад оршиж буй хэмээн тайлбарлажээ.
Хэдий тийм боловч цахим ертөнцийн шинжээчид үүнийг Snapchat, Locket болон BeReal зэрэг түр хугацааны контентод тулгуурласан бусад аппликэйшнуудын санааг хуулбарласан алхам гэж үзэж байна. Одоогоор Meta компани энэхүү функцийг тусдаа бие даасан аппликэйшн хэлбэрээр Spain болон Italy зэрэг улс орнуудад туршилтын журмаар тестэлж байгааг Techcrunch эх сурвалж онцолжээ.

Ашиглах заавар болон нууцлалын тохиргоо
Шинэ цэсийг ашиглахад тун хялбар бөгөөд хэрэглэгчид Instagram inbox хэсгийн баруун доод буланд байрлах жижиг зургийн дүрс дээр дарж Instant үүсгэх бүрэн боломжтой. Илгээсэн зургийг хүлээн авсан тал нь emoji reaction өгөх, шууд хариу бичих эсвэл хариу болгон өөрийн Instant-аа буцааж явуулах замаар харилцан яриа үүсгэдэг байна. Аюулгүй байдлын үүднээс хэрэглэгчид бусдын илгээсэн зургуудыг screenshot хийх эсвэл screen record хийж баримтжуулах боломжгүйгээр технологийн шийдлийг хийжээ.
Түүнчлэн, энэхүү шинэ функцийг удирдах, өөртөө тохируулах дараах боломжууд хэрэглэгчдэд нээлттэй байна:
- Архив болон түүх: Илгээсэн бүх Instants нь нэг жилийн хугацаанд private archive-д хадгалагдах бөгөөд тэдгээрийг нэгтгэн recap хэлбэрээр Instagram Story дээрээ дахин нийтэлж болно.
- Буцаан устгах сонголт: Санамсаргүй байдлаар зураг илгээсэн тохиолдолд undo товчлуурыг ашиглан хүлээн авагч нээж амжихаас өмнө буцаан устгах боломжтой.
- Түр унтраах болон хязгаарлах: Хэрэв энэ төрлийн контент хүлээж авахыг хүсэхгүй байвал inbox доторх зургууд дээр удаан дарж swipe хийн унтраах, эсвэл тодорхой хаягуудыг mute болон block хийх сонголтуудыг ашиглана.
Шинжээчдийн байр суурь ба хүлээлт
Анх үүсгэн байгуулагдахдаа найз нөхдийн хоорондох амьд харилцааг дэмждэг байсан Инстаграм сүүлийн жилүүдэд инфлюнсерүүдийн төвлөрөл, брэндүүдийн зар сурталчилгаанд хэт дарагдаж, анхны зорилгоосоо хөндийрсөн хэмээн шүүмжлүүлдэг. Тиймдээ ч энэхүү шинэ цэг нь платформд эргээд энгийн бөгөөд хувийн чөлөөт харилцааны уур амьсгалыг эргүүлэн авчирч магадгүй гэж хэрэглэгчид найдаж байна.
Гэвч зарим шинжээчдийн үзэж буйгаар тус компани энэ трендээс аль хэдийн хоцорсон бөгөөд Snapchat болон BeReal-ийн хэрэглээ дэлхий даяар буурч эхэлсэн энэ үед хүмүүс өдөр тутамдаа Instagram Stories-ийг идэвхтэй ашиглаж заншсан тул бие даасан шинэ функц хэр амжилт олох нь эргэлзээтэй хэвээр байна.