АНУ-д 25 жилийн турш илрээгүй байсан хуучин найз бүсгүйнхээ амины хэрэгт буруутгагдсан эр шүүхээс 40 жилийн хорих ял сонсжээ. Тэрээр экс найз бүсгүйнхээ амийг хөнөөснийхөө дараа цогцсыг нь унтлагын өрөөнийхөө шалан доор нуусан байсан аж. Энэ тухай “Mirror” хэвлэл мэдээллээ.
Тухайн үед 34 настай байсан Кимберли Лэнгвелл 1999 оны долдугаар сард Техас мужийн Бомонт хотод сураггүй алга болжээ. Тэрээр ажлаасаа гэр рүүгээ харихаар гараад сураг тасарсан бөгөөд хожим нь түүний машиныг нэгэн эмийн сангийн зогсоолоос олсон байна. Машин дотроос эмэгтэйн гар утас олдсон ч цүнх болон түлхүүр нь алга болсон байв.
Хожим нь мөрдөн байцаалтын явцад Лэнгвеллийн хуучин найз залуу Терри Роуз сэжиглэгджээ. Түүний нэгэн танил цагдаагийнханд хандаж, Роуз өөрт нь хүн амины хэргээ хүлээж, эмэгтэйн дагз руу буудаж хөнөөсөн тухайгаа ярьсан гэж мэдүүлсэн байна. Улмаар Лэнгвеллийн цогцсын үлдэгдлийг 2024 оны зургаадугаар сард Роузын гэрээс олжээ.
Шүүгч Ракель Уэст “Нэгэн цагт хайрлаж байсан хүнийхээ амийг хөнөөчихөөд, цогцосных нь дээр 25 жилийн турш амьдарсан хүнийг психопат (сэтгэцийн эмгэгтэй хүн) биш гэж хэн хэлэх вэ?” хэмээн дургүйцлээ илэрхийлсэн байна.
Роуз хүн амины хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу тэрээр хугацаанаас өмнө тэнсэн суллагдах хүсэлт гаргах эрхтэй болохоос өмнө авсан ялынхаа хагасаас багагүй хугацааг торны цаана өнгөрүүлэх ёстой аж.