Малайз улсад 2006 онд бусдын гарт амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн үнэнийг бүрэн тогтоож, шударга ёсыг хангахыг шаардсан олон улсын цахим өргөдөлд 100 мянган хүн гарын үсэг зуржээ. Ингэснээр “Dignity for Altantuya” нэртэй уг өргөдлийг Нэгдсэн Үндэстний Байгууллагад хүргүүлэх боломж бүрдсэн байна.
Хэрэг гарснаас хойш 20 жил өнгөрч байгаа ч аллагыг хэн захиалсан, өөр ямар этгээд холбоотой байсан зэрэг асуудал бүрэн тодорхой болоогүй хэвээр байна. Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт Малайзын цагдаагийн хоёр алба хаагч ял шийтгүүлсэн юм.
Хэргийн 20 жилийн ойг тохиолдуулан эхлүүлсэн цахим өргөдлөөр аллагын нөхцөл байдлыг бүрэн шалгаж, захиалагч байж болзошгүй этгээдүүдийг тогтоон, хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг Малайзын Засгийн газраас шаардаж байна.
Түүнчлэн уг хэрэгт ял шийтгүүлсэн цагдаагийн алба хаагч асан Сирул Азхар Умарыг Малайз улсад буцаан авчрах, талийгаачийн гэр бүлийн хувьд шударга ёсыг хангахыг өргөдөлд уриалжээ.
