Хараагүй болсон эхнэртээ зориулан ягаан цэцгийн цэцэрлэг байгуулсан япон эрийн түүх

0 comments 2 үзэлт
Японы Тошиюки Куроки

Японы Миязаки мужийн Шинтоми хотод амьдардаг Тошиюки Куроки хараагүй болсон эхнэр Ясукогийнхоо инээмсэглэлийг буцаан авчрахын тулд хоёр жилийн хугацаанд мянга мянган цэцэг тарьжээ. Энэ түүх Японд төдийгүй олон улсад хайр, тэвчээрийн үлгэр жишээ болж түгсэн байна.

Курокигийн гэр бүл 1956 онд гэрлэж, Шинтоми хотод сүүний ферм эрхэлдэг байжээ. Тэд хоёр хүүхэд өсгөж, 60 гаруй үнээтэй фермээ хамтдаа ажиллуулдаг байсан бөгөөд тэтгэвэрт гарсныхаа дараа Япон даяар аялах мөрөөдөлтэй байв.

Гэрлэснээсээ хойш 30 гаруй жилийн дараа 52 настай Ясуко чихрийн шижингийн хүндрэлийн улмаас ердөө долоо хоногийн дотор бүрэн хараагүй болжээ. Энэ нь түүнд сэтгэл санааны хүнд цохилт болж, өмнөх инээмсэглэл нь алдагдан, гэрээсээ гаралгүй хүмүүсээс хөндийрөхөд хүргэсэн байна.

Хараагүй болсон эхнэртээ зориулан ягаан цэцгийн цэцэрлэг байгуулсан япон эрийн түүх

Анхилуун үнэрт цэцэрлэгийн эхлэл

Эхнэрээ гуниглан, ганцаардахыг харсан Тошиюки түүнд дахин баяр хөөр мэдрүүлэх арга хайжээ. Ингээд тэрээр гэрийнхээ ойр орчимд ягаан өнгийн, анхилуун үнэртэй Шибазакура буюу мөлхөө флокс тарихаар шийдсэн нь хараагүй ч гэсэн үнэрээр нь дамжуулан байгалийг мэдрээсэй гэсэндээ юм.

Тошиюки хоёр жилийн турш мод бут цэвэрлэж, хөрсөө бэлтгэн олон мянган цэцэг тарьснаар гэр нь бүхэлдээ ягаан цэцгийн талбайгаар хүрээлэгджээ. Цэцгийн үнэр Ясукоог гадагш гарахад нөлөөлж, цэцэрлэгийг зорин ирсэн хүмүүстэй ярилцсанаар тэрээр эргэн инээмсэглэж, нийгмийн идэвхтэй амьдралд орсон байна.

Жуулчдын анхаарлыг татсан орчин

Хожим нь тэдний хувийн цэцэрлэг олны танил болж, олон зочин хүлээн авдаг газар болжээ. Хэвлэлүүдийн мэдээлснээр жил бүрийн гурав, дөрөвдүгээр сард цэцэгс бүрэн дэлгэрэх үеэр өдөрт 7,000 хүртэлх хүн энэ цэцэрлэгийг зорьдог байна.

Энэхүү цэцэрлэг нь зөвхөн гоо үзэсгэлэнгээрээ бус, хайртай хүнийхээ төлөөх чин сэтгэлийн зүтгэлийг харуулснаараа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөөр байгаа юм.

Эх сурвалж: Japan Today, Good News Network, House & Garden

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй