ШТС-уудыг шалгана: Нөөцтэй атлаа оочер үүсгэвэл зөвшөөрлийг нь цуцална

0 comments
ШТС-уудыг шалгана: Нөөцтэй атлаа оочер үүсгэвэл зөвшөөрлийг нь цуцална

Улаанбаатар хотод шатахууны оочер нэмэгдэж, үүнийг дагаад автобусны хүлээгдэл болон авто замын түгжрэл эрс хүндрээд байна. Нийслэлийн удирдлагууд нөхцөл байдлыг бууруулахын тулд шатахуун түгээх станцуудад хяналт шалгалт хийхээр болжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагвагийн мэдээлснээр нийслэлд дизелийн түлш хангалттай байгаа бөгөөд АИ-92, АИ-95 бензиний нийлүүлэлт үргэлжилж байгаа аж.

Тэрбээр шатахуун түгээх станцууд нөөцтэй тохиолдолд бүх түгээгүүрээрээ шатахуун олгож, харин нөөцгүй бол энэ тухайгаа иргэдэд ил тод мэдээлэх ёстойг онцолсон байна.

Хотын дарга Б.Пүрэвдагва:

“Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дизелийн түлш хангалттай хэмжээнд байгаа гэсэн мэдээлэл ирсэн. АИ92, АИ95 бензин орж ирж байгаа.

Шатахуун түгээх станцууд нөөцтэй байгаа бол түүнийгээ бүх хошуугаараа түгээх шаардлагатай байна. Хэрэв нөөцгүй бол иргэдэд нээлттэй мэдээлж, хиймэл оочер үүсгэмээргүй байна. Тээврийн хэрэгслүүд авто замын 1, 2 дугаар эгнээнд шатахуунд оочерлосноос авто зам түгжирч автобус ирэхгүй, иргэд олноороо удаан хугацаанд хүлээж бухимдал үүссэн.

Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яаманд байгуулагдсан шатахууны шуурхай штабт нийслэлээс төлөөлөл орж, хамтарсан байдлаар зохицуулалтуудыг хийж байгаа юм. Бензин бол стратегийн бүтээгдэхүүн. Нийслэлийн зүгээс бензинд хяналт тавих чиг үүрэг бий. Аравдугаар сарын 29-нөөс эхлэн улсын байцаагчийн үнэмлэхтэй багийн бүрэлдэхүүнтэй хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, Улаанбаатар хотод байгаа 264 ШТС-д хяналт тавина.

Шатахууны бизнес хийдэг ААН, байгууллага төр, нийслэлтэй хамтарч ажиллаж, шатахууны нөөцөө түгээмээр байна. Стратегийн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагааг явуулж байгаа бол геополитикийн хүнд нөхцөлд нийгмийн хариуцлагын хүрээнд зөв зохистой зохион байгуулалттайгаар төр, нийслэлтэй хамтарч ажиллахыг уриалж байна. Бизнес хийж байгааг ойлгож буй. Энэ удаад уриалж байна. Төр бензинтэй хэрнээ өгөхгүй байгаа биш юм.

Хяналтын явцад бензиний нөөцтэй байж нөөцгүй мэт, нөөцтэй хэрнээ нэг хошуугаар олгож зохиомол оочер үүсгэж байгаа тохиолдлууд илэрвэл Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам, Монополийн эсрэг газартай хамтран тусгай зөвшөөрөл, нийслэлээс ШТС-ын газрын эрхийг цуцлахыг хатуу мэдэгдье.

Зохиомол, санаатай үйлдэл явуулбал захиргааны арга хэмжээ авах эрх нь НЗДТГ-т бийг шатахуун импортлогч хувийн ААН, байгууллагуудад хэлмээр байна.

Ийм байдал үүсэж буйд иргэдээсээ хүлцэл өчье. Хүнд нөхцөлд ажиллаж, амьдарцгааж байна” хэмээв.

264 ШТС-д хяналт тавина

Аравдугаар сарын 29-нөөс эхлэн улсын байцаагчийн үнэмлэхтэй багууд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 264 шатахуун түгээх станцад хяналт шалгалт хийхээр болжээ.

Хэрэв ШТС шатахууны нөөцтэй атлаа нөөцгүй мэт мэдээлэх, эсвэл олон түгээгүүртэй мөртлөө зөвхөн нэг хошуугаар шатахуун олгож зориудаар урт дараалал үүсгэсэн нь тогтоогдвол илүү хатуу арга хэмжээ авахыг нийслэлийн зүгээс анхааруулсан байна.

Ийм тохиолдолд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монополийн эсрэг газартай хамтран тухайн компанийн тусгай зөвшөөрөл, мөн нийслэлээс олгосон ШТС-ын газрын эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах боломжтой гэж мэдэгдлээ.

Шатахууны оочер түгжрэлийг улам нэмэгдүүлжээ

Нийслэлд шатахууны дараалал авто замын эхний болон хоёрдугаар эгнээг эзэлснээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж, нийтийн тээврийн автобуснууд ч хуваарийн дагуу явах боломжгүй болсон байна.

Аравдугаар сарын 26-ны 18:00 цагийн орчимд хотын төвийн 18 ШТС-д урт дараалал үүссэнээс замын хөдөлгөөний дундаж хурд 3 км/цаг хүртэл буурч, зарим хэсэгт хөдөлгөөн бараг бүрэн зогссон байжээ.

Нийслэлийн удирдлагууд шатахууны нийлүүлэлт, түгээлтийн мэдээллийг ил тод болгох, зориудаар дараалал үүсгэж байгаа эсэхийг газар дээр нь шалгах замаар нөхцөл байдлыг хэвийн болгохоор ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй