Наадмаар наранд цохиулахаас сэргийлээрэй: Шинж тэмдэг ба авах арга хэмжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Баяр наадмын өдрүүдэд ихэнх нутгаар халах тул наршихаас сэргийлээрэй

Дэлгэц дүүрэн наадмын хуушуур, айраг яриад эхэлсэн энэ өдрүүдэд цаг агаар айхтар халах төлөвтэй байна шүү. Наадамлаж, амралтаа зугаатай өнгөрүүлэх нь сайхан ч нарших буюу наранд цохиулахаас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалах нь хамгийн чухал юм. Наршихаас хэрхэн сэргийлэх зөвлөмж болон хэрэв нэгэнт наршсан тохиолдолд илрэх шинж тэмдэг, авах арга хэмжээг багцлан хүргэж байна.

Урьдчилан сэргийлэх алхмууд

Амралт, аялал зугаалгын үеэр наршихаас хамгаалж дараах дүрмүүдийг заавал мөрдөөрэй:

  • Эрсдэлтэй бүлгийнхнийг хамгаалах: Хүүхэд багачууд, өндөр настан, даралт ихсдэг, зүрх судасны өвчтэй болон чихрийн шижинтэй, ядаргаа ихэссэн хүмүүс хурц нартай үед гэрээс гарахыг аль болох зайлсхийх хэрэгтэй.
  • Хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх: Наранд гарахдаа заавал нарны малгай өмсөж, нарны хамгаалалттай шүхэр тогтмол хэрэглэж занших.
  • Шингэн сайн уух: Цэвэр усыг ойр ойрхон, бага багаар ууж биеэ шингэний дутагдлаас урьдчилан сэргийлнэ.
  • Цагаа зөв зохицуулах: Нарны тусгал хамгийн хурц байх үеэр гадаа удаан хугацаагаар явахгүй байх, сүүдэр бараадах.

Наршилтын үед илрэх шинж тэмдэг ба анхны тусламж

Хэрэв таны эсвэл хажууд байгаа хүний тань бие дараах байдлаар өвдвөл цаг алдалгүй тохирох арга хэмжээг авах шаардлагатай.

Илрэх шинж тэмдэг (Бие махбодын дохио)Яаралтай авах арга хэмжээ (Анхны тусламж)
Бие суларч тамир тэнхээ алдах, толгой эргэж өвдөхСэрүүхэн, нам тайван газарт (сүүдэрт эсвэл сэрүүн өрөөнд) шилжүүлэн амруулах
Биеийн халуун нэмэгдэж, хөлс гарах нь хэт ихсэх эсвэл бүрмөсөн багасахАрьсны нимгэн хэсгүүдэд хүйтэн жин тавих (мөстэй уут тавих, спиртээр биеийг арчих)
Дотор муухайрч бөөлжих, царай цонхийж цайх эсвэл нүүр чинэрэн улайхБага багаар бүлээн шингэн уулгах (чихэртэй ус эсвэл цэвэр ус)
Цээж багтран амьсгаа цухалдахХөнгөн массажилж, иллэг хийж цусны эргэлтийг сэргээх

Наршилтын шинж тэмдэг арилахгүй, биеийн байдал дээрдэхгүй бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай. Сайхан наадаарай!

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй