Бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжих, аялал жуулчлал болон орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх зорилготой “Тайга” фестиваль өнөөдөр (2026.07.14) Булган аймгийн Бугат сумын Түлүүгийн даваа орчимд албан ёсоор эхэллээ. Тус фестиваль энэ сарын 17-ныг дуустал үргэлжилнэ.
Байгалийн аялал жуулчлал, ухаалаг хөдөө аж ахуй, үндэсний өв соёл, урлагийг нэг дор нэгтгэсэн энэхүү өргөн цар хүрээтэй арга хэмжээ нь тайгын бүсийн өвөрмөц байгаль, аялал жуулчлалын нөөц боломжийг олон нийтэд сурталчлах зорилготой юм.
Фестивалийн үеэр зохион байгуулах арга хэмжээнүүд:
Жуулчид болон наадамчид байгалийн үзэсгэлэнт газарт амрангаа дараах сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцох боломжтой.
- Үндэсний өв соёл, ардын урлагийн тоглолт
- Орчин үеийн уран бүтээлчдийн хөгжмийн тоглолт
- Нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
- Гар урлал, бүтээлч үйлдвэрлэлийн танилцуулга
- Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн
- Танин мэдэхүй болон соёлын олон талт үйл ажиллагаанууд

Фестивалийн байршил болон хүрэх зайн мэдээлэл
Үйл ажиллагаа болох “Түлүүгийн даваа” нь улсын төв болон бүсийн томоохон хотуудаас авто замаар хүрэхэд хамгийн тохиромжтой байршилд оршдог. Тодруулбал:
- Булган аймгийн төвөөс – 39 км
- Бугат сумаас – 35 км
- Эрдэнэт хотоос – 96 км
- Дархан хотоос – 272 км
- Архангай аймгаас – 260 км
- Мөрөн хотоос – 305 км
- Хатгал тосгоноос – 402 км
- Улаанбаатар хотоос – 496 км зайд байрлаж байна.
“Тайга” фестиваль нь зөвхөн урлаг соёлын арга хэмжээ болоод зогсохгүй, бүс нутгийн хөгжлийг дэмжих, орон нутгийн үйлдвэрлэгчид болон иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болж байна.