Жүжигчин Никола Пелтз энэ жилийн Хэллоуины баяраар муур эмэгтэйн дүрд хувирсан ч түүний хувцаслалт цахим орчинд өөр шалтгаанаар олны анхаарлыг татжээ. Зарим хэрэглэгч түүнийг хадам ээж Викториа Бекхэмийн 30 орчим жилийн өмнөх дүр төрхийг дуурайсан хэмээн үзсэн байна.
Никола өөрийн хувцаслалтыг муур эмэгтэйн дүр гэж тайлбарласан боловч шүтэн бишрэгчид нь түүнийг Spice Girls хамтлагийн “Say You’ll Be There” дууны клип дэх Викториа Бекхэмтэй харьцуулжээ.
Цахим сүлжээнд “Say You’ll Be There”-ийн хоёрдугаар анги, “Тэр яагаад Викториа Бекхэм шиг харагдаад байгаа юм” гэх зэрэг сэтгэгдэл нийтлэгдсэн байна.

Викториа Бекхэмийн 1990-ээд оны дүр төрхтэй харьцуулжээ
Spice Girls хамтлагийн “Posh Spice” буюу “Хээнцэр Спайс” нэрээр алдаршсан Викториа Бекхэм “Say You’ll Be There” дууны клипт хар өнгийн савхин хувцастай дүр бүтээсэн байдаг. Никола Пелтзийн Хэллоуины хувцаслалт энэ төрхийг санагдуулсан нь цахим орчинд ийнхүү яриа дагуулжээ.
Сонирхуулахад, Дэвид Бекхэм уг клипийг анх үзэхдээ багийн анд, хөлбөмбөгчин Гэри Невиллд “Миний гэрлэх охин энэ байна” гэж хэлж байсан гэдэг. Үүнээс гурван жилийн дараа Дэвид, Викториа нар гэрлэсэн байна.
Харин Викториа, Дэвид Бекхэм нарын ууган хүү, Николагийн нөхөр Бруклин Бекхэм энэ жилийн Хэллоуины баяраар “Superman” буюу Супермэний дүрд хувирчээ.

Бекхэмийн гэр бүлийн харилцааны талаарх мэдээлэл дахин анхаарал татав
Бруклин Бекхэм, тэрбумтны охин Никола Пелтз нар 2022 онд хуримаа хийсэн юм. Тэднийг гэрлэснээс хойш Бекхэмийн гэр бүл болон залуу хосын хооронд үл ойлголцол үүссэн гэх мэдээлэл хэвлэлүүдээр удаа дараа гарч байв.
Мөн хоёр талын харилцаа муудаж, одоогоор холбоо харилцаагүй байгаа гэх мэдээлэл бий. Гэхдээ Никола Пелтзийн энэ удаагийн Хэллоуины хувцаслалт хадам ээжийгээ зориуд дуурайх зорилготой байсан эсэх нь тодорхойгүй бөгөөд цахим хэрэглэгчдийн харьцуулалт, таамаг төдий байна.
