Table of Contents
Жүжигчин Холли Берри болон түүний хуучин нөхөр Оливье Мартинес нарын 13 настай хүү Масео-гийн асран хамгаалалтын маргаанд шүүх шинэ зохицуулалт хийжээ.
Page Six-ийн мэдээлснээр Лос Анжелесын Дээд шүүх Масео-г одоогоор эцэгтэй нь үндсэндээ амьдруулахаар шийдвэрлэсэн байна. Ингэснээр өмнө нь 50/50 зарчмаар хэрэгжиж байсан асран хамгаалалтын хуваарь түр өөрчлөгдөж, Оливье Мартинес үндсэн биечлэн асран хамгаалагч болжээ.
Холли Берри хүүтэйгээ өдрийн цагаар уулзах эрхтэй хэвээр боловч Масеог гэртээ хонуулах боломжгүй болсон байна. Харин Мартинес баярын өдрүүдэд ч уулзалтын хугацааг хязгаарлуулах хүсэлт гаргасан ч шүүх үүнийг хүлээж аваагүй аж.
Беррид тавьсан өмнөх түр хоригийг цуцалжээ
Шүүх нэг талаар Берригийн үндсэн асран хамгаалах эрхийг түр хязгаарласан ч нөгөө талаар өмнө нь үйлчилж байсан илүү хатуу түр хоригийг цуцалсан байна.
Тэрхүү зохицуулалтаар жүжигчин хүүтэйгээ долоо хоногт хоёр өдөр, мөн хоёр долоо хоног тутмын амралтын өдрүүдээр уулзах эрхтэй байжээ.
Масео-гийн эрүүл мэнд зэрэг чухал асуудлаар эцэг, эх санал зөрөлдөх үед эцсийн шийдвэр гаргах эрх Холли Беррид хэвээр үлдсэн байна.
Түүний өмгөөлөгч:
“Шүүх түр хоригийг цуцалсанд бид маш их баяртай байна. Холли гэр бүлийнхээ сайн сайхан байдал, эрх ашгийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн ажиллана. Энэ бол Холлигийн хувьд маш том ялалт”
гэж мэдэгджээ.
Асран хамгаалалтын асуудлыг арваннэгдүгээр сард дахин хэлэлцэхээр товлосон бөгөөд Холли Берри өмнөх 50/50 зохицуулалтыг сэргээхийг хүсэж байгаа юм.
Маргааны гол шалтгаан нь хүчирхийллийн тухай мэдэгдэл
Оливье Мартинес шүүхэд хандахдаа Холли Берриг хүүтэй нь зүй бус харьцсан гэж буруутгасан байна.
Түүний мэдэгдлээр есдүгээр сарын сүүлээр Масео VR нүдний шил зүүж тоглож байх үед Берри өрөөнд орж, түүнийг түлхсэн гэх бөгөөд хүү нь зогсохыг хүсэхэд уурласан гэжээ.
Мартинес мөн Берри хүүгээ “тэнэг” гэж доромжилж, VR нүдний шилтэй “мунхаг харагдаж байна” гэж хэлсэн, дараа нь түүн рүү дайрч, хоолойг нь боосон гэж мэдүүлсэн байна.
Эдгээр нь Оливье Мартинесийн гаргасан буруутгал бөгөөд шүүхийн эцсийн шийдвэрээр үнэн болох нь тогтоогдоогүй байна.
Холли Берри эдгээр мэдэгдлийг няцааж, хүүхдэдээ хэзээ ч санаатайгаар хор хүргэхгүй гэж мэдэгджээ. Тэрээр өөрөө өмнө нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан учраас хүүдээ ийм зүйл хийхгүй гэж тайлбарласан байна.
Берри мөн Мартинесийг Масеог өөрийнх нь эсрэг байр суурьтай болгож, асран хамгаалалтын маргаанд хүүгээ ашиглаж байна гэж буруутгажээ.
Тэрээр Масеог шүүхийн ажиллагаанд татан оролцуулахыг эсэргүүцсэн байна. Харин Берригийн өмнөх харилцаанаас төрсөн 18 настай охин Нала шүүх дээр ээжийнхээ талд байр суурь илэрхийлсэн гэж эх сурвалж мэдээлжээ.
Тэдний салалт найман жилийн дараа эцэслэсэн
Холли Берри, Оливье Мартинес нар 2015 онд тусдаа амьдрах болсон бөгөөд тэдний гэрлэлт хоёр жил орчим үргэлжилсэн байна.
Гэсэн ч албан ёсны салалт нь 2023 онд эцэслэсэн бөгөөд энэ хугацаанд тэд хүүгийнхээ асран хамгаалалттай холбоотой асуудлаар удаа дараа шүүхэд ханджээ.
Гэрлэж байх үедээ ч хосын харилцаа тогтворгүй байсан бөгөөд асуудлаа шийдэхээр гэр бүлийн сэтгэл засалчид хандаж байсан гэж мэдээлэгдсэн байна.
Салалтын дараах шүүхийн шийдвэрээр Холли Берри Оливье Мартинест сар бүр 8 мянган ам.доллар төлөхөөс гадна Масео-гийн эрүүл мэндийн даатгал болон сургалтын зардлыг хариуцдаг.
Одоогийн шийдвэр нь асран хамгаалалтын асуудлыг эцэслэсэн хэрэг биш бөгөөд дараагийн шүүх хурал хүртэл Масео эцэгтэйгээ амьдрах юм.
