Гавьяат жүжигчин Б.Энхнаран арваннэгдүгээр сарын 14-нд “Хөөрхөн Халиун” тоглолтоо толилуулна

0 comments
Б.Энхнаран

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Энхнаран арваннэгдүгээр сарын 14-нд “Хөөрхөн Халиун” тоглолтоо үзэгчдэд хүргэхээр болжээ. Тэрбээр энэ удаагийн тоглолтдоо дэлхийн сонгодог дуурийн ари болон Монголын нэрт хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг нэгтгэн толилуулах юм.

Тоглолтын хөтөлбөрт хайр дурлал, эх орон, эцэг эхийн хайр, хүний сэтгэлийн нандин мэдрэмжийг илэрхийлсэн сонгодог болон үндэсний хөгжмийн бүтээлүүд багтжээ.

Пуччини, Верди болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээл эгшиглэнэ

“Хөөрхөн Халиун” тоглолтоор Ж.Пуччинигийн хайрын уянга, Ж.Вердийн эр зоригийг илэрхийлсэн сонгодог бүтээлүүдийг үзэгчдэд хүргэнэ. Мөн Монголын хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын хайр дурлалын сэдэвт бүтээл, Б.Шаравын эх орон, эцэг эхийн хайрыг илэрхийлсэн аялгуу, Н.Жанцанноровын хүний сэтгэлийн санагалзлыг өгүүлсэн хөгжмүүд эгшиглэх юм.

Эдгээр бүтээлийг Гавьяат жүжигчин Б.Энхнаран өөрийн дуу хоолойгоор амилуулж, сонгодог дуурь болон Монголын хөгжмийн өвийг нэгэн үдэш үзэгчдэд толилуулахаар бэлтгэж байна.

Тоглолтод симфони болон морин хуурын найрал хөгжим оролцоно

Б.Энхнарангийн тоглолтод УДБЭТ-ын симфони оркестр удирдаач Ц.Тэлмүүн-Очирын удирдлага дор оролцох юм. Түүнчлэн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Д.Түвшинсайханы удирдлагаар тоглоно.

Мөн уртын дуучин, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Батжаргал, концертмейстер, Гавьяат жүжигчин Б.Солонго нар оролцохоор болжээ.

Тэднээс гадна УДБЭТ-ын ерөнхий концертмейстер Б.Оюунгэрэл, Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Э.Номин, дуучин Г.Мишиг нар тоглолтод оролцоно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй