Монгол Улсын Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 22-ны шийдвэрээр НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдад олгох томилолтын зардлын хувь хэмжээг нэмэгдүүлжээ.
Ингэснээр өмнө нь мөрдөж байсан 70/30 харьцааг 14 жилийн дараа өөрчилж, 80/20 болгон шинэчилсэн байна.
Шинэ зохицуулалтыг 2025-2026 онд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирж буй цэргийн алба хаагчдаас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.
Энхийг сахиулагчдад 80 хувийг олгоно
НҮБ-аас цэрэг оролцуулсан улсын Засгийн газарт олгодог нөхөн төлбөрийн 80 хувийг цэргийн алба хаагчдад томилолтын зардал хэлбэрээр олгох юм.
Харин үлдэх 20 хувийг Зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлнэ.
Өмнөх зохицуулалтаар энхийг сахиулагчдад 70 хувь нь олгогдож, 30 хувь нь санд төвлөрдөг байсан бол шинэ шийдвэрээр цэргийн алба хаагчдын хүртэх хувь 10 нэгжээр нэмэгдэж байна.
Энэхүү өөрчлөлтийн дүнд энхийг дэмжих ажиллагаанд нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчийн нийт томилолтын зардал ойролцоогоор 1800 ам.доллароор нэмэгдэх боломж бүрджээ.
Үүний зэрэгцээ тэд Монгол Улсад авч байсан үндсэн цалингаа 100 хувь хэвээр авах юм.
Ар гэрийн санхүүгийн дэмжлэг ч нэмэгдэнэ
Шинэ зохицуулалт нь зөвхөн цэргийн алба хаагчдын орлогыг нэмэгдүүлэх бус, эх орноосоо алс газар удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдын ар гэрт очих бодит санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
НҮБ энхийг сахиулах ажиллагаанд цэрэг, алба хаагчаа оролцуулсан улсуудад нөхөн төлбөр олгодог. Энэ мөнгөнд ажиллагааны өмнөх бэлтгэл сургалт, дотоодын тээвэр, эрүүл мэндийн үзлэг, вакцинжуулалт, дүрэмт хувцас, материал хэрэгслийн хангалт зэрэгтэй холбоотой зардлууд багтдаг.
Монгол Улс 2002 оноос НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагчдаа оролцуулж эхэлсэн.
Өнгөрсөн хугацаанд Монголын 23,700 орчим цэргийн алба хаагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, тэсвэр хатуужлыг олон улсын түвшинд харуулжээ.
Ингэснээр 2025-2026 онд үүргээ гүйцэтгээд эх орондоо ирж буй энхийг сахиулагчид 80 хувийн шинэ харьцаагаар тооцсон томилолтын зардлыг анхлан авах алба хаагчид болж байна.
