Шатахууны борлуулалтын хязгаарлалтыг наймдугаар сарын 15-наас цуцална

0 comments
Б.Дашпүрэв

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар АҮЭБЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээлэл өглөө. Түүний мэдээлснээр наймдугаар сарын 15-наас шатахууны борлуулалтад тавьсан хязгаарлалтыг цуцалж, хэвийн олгож эхлэхээр болжээ.

Улаанбаатар хотод наймдугаар сарын 4-нөөс эхлэн шатахууныг автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан олгож байсан. Мөн нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлах зохицуулалт хэрэгжүүлсэн юм.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д хэлэлцээ хийж, наймдугаар сард авах шатахууны хэмжээнд нэмж 25 мянган тонн АИ-92 автобензин авахаар тохиролцсон байна. Энэ хүрээнд наймдугаар сард шатахууны нийлүүлэлт тасалдахгүй, хэвийн үргэлжилнэ гэж мэдээллээ.

Шатахууны нийлүүлэлтийн талаар:

  • наймдугаар сарын 15-наас борлуулалтын хязгаарлалтыг цуцална;
  • ОХУ-аас нийт 180 вагон буюу 110 мянган тонн шатахуун ирж байна;
  • ирсэн шатахууныг амралтын өдрүүдэд буулгана;
  • ирэх даваа гарагаас түгээлтийг эхлүүлнэ;
  • Эрээнцав боомтоор 13 вагон шатахуун орж ирнэ.

Б.Дашпүрэв “ОХУ-аас Монгол Улс руу нийт 180 вагон буюу 110 мянган тонн шатахуун ирж байгаа бөгөөд эдгээрийг энэ амралтын өдрүүдэд буулгаж, ирэх даваа гарагаас түгээлтийг эхлүүлнэ. Түүнчлэн Эрээнцав боомтоор 13 вагон шатахуун орж ирэх бөгөөд зүүн бүсийн аймгуудад үүсээд буй шатахууны хомсдлыг бууруулахад зарцуулна. Ингэснээр шатахууны нийлүүлэлт нэмэгдэж, наймдугаар сарын 15-наас борлуулалтын хязгаарлалтыг цуцлан хэвийн олгоно” гэлээ.

Ийнхүү нэмэлт татан авалт, түгээлтийн зохицуулалтын үр дүнд нийслэл болон орон нутгийн шатахууны хангамжийг тогтворжуулах боломж бүрдэж байна. Наймдугаар сарын 15-наас эхлэн иргэд шатахуунаа өмнөхийн адил хязгаарлалтгүй авах нөхцөл бүрдэхээр болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй