“Москва Таймс”: Монгол ОХУ-аас шатахууны нэмэлт нийлүүлэлт авахаар тохиролцжээ

0 comments
Монгол Улс ОХУ-аас шатахуун яаралтай авахаар тохиролцжээ

ОХУ-ын “Москва Таймс” цахим хуудас Монгол Улсад үүсээд буй шатахууны хомстлын талаар дахин мэдээлж, Москвагаас яаралтай нэмэлт нийлүүлэлт хийхээр тохиролцсоныг онцолжээ. Далайд гарцгүй Монгол Улсын албаныхан хомстлыг улирлын чанартай эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байгаа талаар тус хэвлэл дурдсан байна.

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдэхдээ, ОХУ наймдугаар сарын сүүл гэхэд нэмэлт 25 мянган тонн АИ-92 автобензин болон 5000 тонн онгоцны түлш нийлүүлэхээр амласан гэжээ. Тэрбээр өөрийн “X” платформд “Урьд өмнө байгаагүй хүнд үеийг даван туулахад тусалсан ОХУ-ын Засгийн газар болон тус улсын бизнес эрхлэгчдэд талархал илэрхийлье” хэмээн бичсэн байна.

“Москва Таймс”-ийн мэдээлэлд дурдсанаар, Монгол Улсын автобензин, дизелийн түлшний импортын 97 хүртэлх хувийг ОХУ эзэлдэг. Харин ОХУ-аас Монгол руу экспортолсон шатахууны хэмжээ зургаадугаар сард 186,400 тонн байсан бол долоодугаар сард 173,000 тонн болж буурчээ.

Шатахууны нөхцөл байдлын гол үзүүлэлтүүд:

  • ОХУ наймдугаар сарын сүүл гэхэд 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр амласан;
  • 5000 тонн онгоцны түлш нэмж нийлүүлэхээр тохиролцсон;
  • Монголын автобензин, дизелийн түлшний импортын 97 хүртэлх хувийг ОХУ эзэлдэг;
  • ОХУ-аас ирсэн шатахуун зургаадугаар сард 186,400 тонн, долоодугаар сард 173,000 тонн болж буурсан.

Тус хэвлэл шатахууны нийлүүлэлт буурахад Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд Украины талаас удаа дараа дронын халдлага үйлдсэн нь нөлөөлсөн гэж бичжээ. Үүний зэрэгцээ Монгол Улсад зуны аялал жуулчлалын идэвхжил нэмэгдэж, ургац хураалт эхлэх дөхсөнтэй холбоотойгоор шатахууны эрэлт өссөн гэж орон нутгийн албан тушаалтнууд тайлбарласан байна.

Г.Дамдинням “Хятад, Өмнөд Солонгосын нэмэлт хангамж дээр ОХУ-ын шатахууны нийлүүлэлт нэмэгдсэнээр шатахууны хязгаар тогтоох шаардлагагүй болно” гэж мэдэгджээ. ОХУ бензин, шатахууны экспортын хоригийг он дуустал сунгасан ч Монгол Улстай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу нийлүүлэлтээ үргэлжлүүлж байгаа аж.

“Москва Таймс”-ийн мэдээлснээр, ОХУ-ын засаг захиргаа Монгол Улсад яаралтай горимоор автобензин болон онгоцны түлш нийлүүлж буй талаар одоогоор олон нийтэд тайлбар хийгээгүй байна. Харин Монгол Улс шатахууны импортоор ОХУ-аас хэт хамааралтай байдлаа бууруулах зорилгоор дотооддоо анхны газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа бөгөөд уг үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Тус хэвлэл Монгол Улсад нүүрлэсэн шатахууны хомстлын талаар өмнө нь мөн мэдээлж байсан юм. Тодруулбал, 6-7-р сарын шатахууны нийлүүлэлт саарсан талаар “Москва Таймс” анхлан мэдээлсэн гэж онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй