БНХАУ-ын дарга Си Жиньпин Хятад, Оросын харилцааг их гүрнүүдийн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны үлгэр жишээ гэж нэрлэжээ. Тэр энэ тухай 11-р сарын 18-нд Хятадын Шэньжэнь хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахдаа мэдэгдсэн байна.
Си Жиньпиний хэлснээр, Бээжин, Москвагийн харилцаа тогтвортой, найдвартай хэвээр бөгөөд олон улсын нөхцөл байдлын богино хугацааны өөрчлөлтөөс хамаардаггүй аж. Тэр мөн хоёр улс олон талт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, олон туйлт дэлхийн тогтолцоо болон олон улсын харилцааг ардчилсан болгоход дэмжлэг үзүүлэх ёстой гэж онцолжээ.
Путин, Си Жиньпин нарын 50 дахь уулзалт
Хятадын удирдагч энэ удаагийн уулзалтын бэлгэдлийн ач холбогдлыг мөн онцолсон байна. 2013 оноос хойш биечлэн хийсэн хэлэлцээ болон видео хурлын уулзалтуудыг нийлүүлбэл энэ нь Путин, Си Жиньпин нарын 50 дахь уулзалт болж байгаа бөгөөд 2026 онд тэд биечлэн гурав дахь удаагаа уулзаж байгаа аж.
Өнгөрсөн 5-р сард Владимир Путин Бээжинд айлчилж, талууд Орос, Хятадын Сайн хөршийн харилцаа, найрамдал, хамтын ажиллагааны гэрээг сунгахыг дэмжсэн байна. Харин 8-р сард хоёр улсын удирдагч Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцээ хийжээ.
Шэньжэний хөгжлийг онцлов
Си Жиньпин АПЕК-ийн Бизнесийн дээд хэмжээний уулзалтад үг хэлэхдээ Орос, Хятадын харилцаанаас гадна Шэньжэний эдийн засгийн хөгжлийг онцолсон байна. Түүний хэлснээр, тус хот 40 гаруй жилийн хугацаанд жижиг суурингаас олон улсын томоохон метрополис болон хөгжсөн нь дэлхийн эдийн засагт гарсан томоохон өөрчлөлтийн нэг жишээ болжээ.
