АНУ-ын Теннесси мужийн хоригдол Криста Пайк цаазын ялыг гүйцэтгэх үеэр хоёр удаа үхлийн тариа хийлгэсэн ч амьд үлдэж, эмнэлэгт хүргэгджээ. Эрх баригчид АНУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн дагуу цаазын ялыг гүйцэтгэхийг оролдсон байна. Энэ талаар BBC мэдээлэв.
Цаазын ажиллагаа эхлэхээс өмнө, товлосон цагаас ойролцоогоор нэг цагийн өмнө ажиллагааг түр зогсоожээ. Холбооны давж заалдах шатны шүүх алуурчныг цаазлахгүй байхыг хүссэн өмгөөлөгчдийн үндэслэлийг судлахад нэмэлт хугацаа шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Гэвч АНУ-ын Дээд шүүх доод шатны шүүхийн гаргасан хойшлуулах шийдвэрийг цуцлуулахыг хүссэн Теннесси мужийн прокурорын хүсэлтийг хүлээн авчээ.
Хойшлуулах шийдвэрийг Дээд шүүхийн консерватив шүүгч Бретт Кавано цуцалсан бөгөөд тэрээр шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлаагүй байна. Харин шүүхийн либерал чиглэлийн гурван гишүүн болох Соня Сотомайор, Елена Каган, Кетанжи Браун Жексон нар эсэргүүцжээ.
Дээд шүүхийн шийдвэр лхагва гарагийн орон нутгийн цагаар 18:00 орчимд гарсан байна. Цаазын ялыг гүйцэтгэх зөвшөөрлийн хугацаа шөнө дунд дуусах ёстой байжээ.
Хожим Пайкийн өмгөөлөгч хэлэхдээ, түүнд хоёр удаа үхлийн тариа хийсний дараа ч ялтан амьд хэвээр байсан гэжээ. Цаазын ажиллагаа үргэлжилж байх үед өмгөөлөгчид ажиллагааг нэн даруй зогсоох хүсэлт гаргасан байна.
“Пайк ухаан алдсан ч зүрх нь цохилсоор, хурхирах чимээ нь сонсогдож байна” гэж өмгөөлөгчдийн мэдэгдэлд дурджээ.
Түүний төлөөлөгчдийн нэгний хэлснээр, 50 настай Пайкт цаазаар авахад хэрэглэдэг хүчтэй нойрсуулах үйлчилгээтэй пентобарбитал бодисыг хоёр удаа тарьсны дараа “сэхээн амьдруулах арга хэмжээ” авч эхэлсэн байна.
Цаазын ажиллагааг ажигласан гэрчүүдийн мэдээлснээр, тариа хийсний дараа Пайк амьсгалсаар байсан бөгөөд удалгүй гэрчүүдийг өрөөнөөс гаргажээ. Үүний дараа шорон руу яаралтай тусламжийн машинууд ирсэн байна.
Теннесси мужийн эрх баригчид нөхцөл байдлын талаар одоогоор тайлбар хийгээгүй байна.
Пайкийн өмгөөлөгчид орон нутгийн сонинд өгсөн мэдэгдэлдээ: “Өнөө орой Теннесси муж цаазын ялыг хуулийн дагуу гүйцэтгэж дахин чадсангүй. Бидний зөв байсан нь бидэнд ямар ч сэтгэл ханамж өгөхгүй. Гэхдээ Пайкийн өмнө нь анхааруулж байсан болгоомжлол үндэслэлтэй байжээ” гэжээ.
Мэдэгдэлд Пайк “судсанд хүрэхэд хүндрэл учрах, зүү тавих үед судас гэмтэх, пентобарбитал муудсан байх, мөн асуудал зайлшгүй үүсэх үед яаралтай эмнэлгийн тусламж байхгүй байх” талаар урьдчилан анхааруулж байсан гэж дурдсан байна.
Эморийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Жоэл Зивот, Пайкийн өмгөөлөгчдийн шинжээчээр оролцдог бөгөөд BBC-д өгсөн ярилцлагадаа Пайкийн цусанд үхэлд хүргэх шаардлагатай хэмжээний пентобарбиталын концентраци үүсээгүй байж болзошгүй гэж таамаглажээ.
Тэрээр мөн сэхээн амьдруулах ажиллагаа саатсанаас Пайкийн тархи гэмтсэн байж болзошгүйг үгүйсгээгүй байна.
Яагаад түүнд цаазын ял оноосон бэ
50 настай Пайк 1996 онд хүн амины хэрэгт буруутгагдсанаасаа хойш цаазын ял гүйцэтгүүлэхийг хүлээж байжээ.
Хэрэв ял эцэст нь гүйцэтгэгдвэл Пайк 200 гаруй жилийн дараа Теннесси мужид цаазлагдсан анхны эмэгтэй болно. 1970-аад оноос хойш АНУ-д ердөө 18 эмэгтэй цаазлагдсан бол эрэгтэйчүүдийн тоо 1 663 байна.
Үүнээс өмнө АНУ-ын Дээд шүүх цаазын ялыг хойшлуулах хүсэлтийг аль хэдийн татгалзсан бөгөөд Теннесси мужийн захирагч энэ долоо хоногийн эхээр Пайкийн өршөөл хүссэн өргөдлийг хангахаас татгалзжээ.
Пайк 18 настай байхдаа тухайн үеийн найз залуу Тадарил Шиппийн хамт зан үйлийн асуудалтай өсвөр үеийнхэнд зориулсан мэргэжлийн сургалтын төвд танилцсан 19 настай Коллин Слеммерийг зодож, тамлан, хөнөөсөн байна. Уг хэрэг ихээхэн дуулиан тарьсан бөгөөд хохирогчийн цээжин дээр сатанист зан үйлийн бэлгэдэл болох пентаграм сийлсэн байжээ.
Пайк Коллин өөрийг нь доромжилж, найз залууг нь булаахыг оролдсон гэж мэдэгдэж байсан. Тус төвийн өөр хоёр суралцагч хожим Пайк аллага үйлдэхээсээ өмнө ч, дараа нь ч энэ талаар сайрхан ярьж, хохирогчийн гавлын ясны хэсгийг хүртэл үзүүлж байсан гэж мэдүүлжээ.
Жилийн дараа Пайкт цаазын ял оноосон бол тухайн үед 17 настай байсан Шиппт хугацаанаас өмнө суллагдах боломжтой бүх насаар нь хорих ял оноосон байна.
Пайк өөрөө хүчирхийллийн хохирогч байсан уу
Гэвч Пайкийн хүүхэд насанд бэлгийн хүчирхийлэлд өртөж, үл хайхрал, хараа хяналтгүй орчинд амьдарч байсан тухай баримтаар нотлогдсон түүх хожим ил болсон байна.
Ял оноосноос хойших жилүүдэд түүний өмгөөлөгчид Пайкийн хүүхэд насны талаар 1996 онд тангарагтны шүүхэд авч үзэх боломжгүй байсан гэж үзэж буй олон баримтыг илрүүлжээ.
Өмгөөлөгчдийн үзэж байгаагаар, өнөөдөр өсвөр насны хүүхдэд ийм амьдралын түүх байсан бол гэм буруутайг нотлох бүх баримт байсан ч түүнд цаазын ял оноохгүй байх байсан.
Өмгөөлөгчид мөн Теннесси мужийн төлөөлөгчид Пайкийг хүүхэд байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай худал хэлсэн гэж олон жилийн турш шүүх дээр мэдэгдэж ирснийг онцолжээ. Гэвч түүнийг ямар аргаар цаазлах тухай саяхны сонсгол дээр мужийн тал гэнэт Пайк бэлгийн хүчирхийлэл болон хүчинд өртсөн гэдгийг маргахгүй гэж мэдэгдсэн байна.
Лхагва гарагт Зургаадугаар тойргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгчид Пайкийн хэргийн үндэслэлүүдийг судлахад нэмэлт хугацаа хэрэгтэй гэж шийдвэртээ мэдэгдсэн ч Дээд шүүх уг шийдвэрийг хүчингүй болгожээ.
