Хирошимад атомын бөмбөгдөлтийн хохирогчдын дурсгалд зориулсан 1.3 сая цаасан тогорууг цуглуулжээ

0 comments
Хиросима

Японы Хирошима хотын худалдааны төвд 10 жилийн турш цуглуулсан 1.3 сая цаасан тогорууг 50 м өндөр шилэн савнаас гаргажээ. Хүмүүс эмгэнэлт явдлын хохирогчдыг дурсаж, цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг хүсэмжлэн эдгээр тогорууг нугалж, саванд хийдэг байсан гэж Kyodo мэдээлэв.

Шилэн савыг 2016 онд худалдааны төвийн барилгын хананд суурилуулжээ. Тус барилга нь 1945 оны 8-р сарын 6-ны дэлбэрэлтийн голомтоос 160 м зайд байсан ч үлдэж хоцорсон “Атомын бөмбөгийн бөмбөгөр ордон”-ы ойролцоо байрладаг.

Цаасан тогоруу нугалах уламжлал Японд бяцхан Садако Сасаки нас барсны дараа дэлгэрчээ. Цацрагийн өвчин туссан охин 1 000 цаасан тогоруу нугалбал хүсэл нь биелнэ гэдэгт итгэдэг байв. Садако 1955 онд нас барахаасаа өмнө 1 300 тогоруу нугалж амжжээ.

10 жилийн хугацаанд цуглуулсан цаасан тогорууны нийт жин 1.6 тонн болсон байна. Худалдааны төвийн захиргаа эдгээрийг хотын түүхэн дурсамжийн нэг хэсэг болгон хадгална гэж мэдэгдсэн ч цаашид яг хэрхэн ашиглахаа хараахан шийдээгүй байна. Хоосон шилэн савыг 10-р сарын 2-нд зочдод дахин нээнэ.

Хирошимад атомын бөмбөг хаясан эхний өдөр 70 000–100 000 хүн амиа алдсан. Харин шарх, цацрагийн нөлөөллийн улмаас 1945 оны эцэс гэхэд хохирогчдын тоо 140 000-д хүрчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй