АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн жүжигчин Дензел Вашингтоны хэлсэн гэх, өөрийг нь магтсан эшлэлийг олон нийтийн сүлжээнд түгээсэн ч уг үг зохиомол болох нь тогтоогджээ. Энэ талаар The Washington Post мэдээлсэн байна.
Трамп уг эшлэлийг Truth Social платформд нийтэлжээ. Тэнд Вашингтон Трампаас “илүү зоригтой, ухаалаг, Америкийн төлөө илүү их санаа тавьдаг хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй” гэж хэлсэн мэтээр бичсэн байна.
Гэвч The Washington Post-ийн мэдээлснээр, өмнө нь яг энэ үгийг жүжигчин Мэттью Макконахи болон дуучин Мик Жаггерт ч хамаатуулан тарааж байжээ.
“Энэ үнэн биш. Хаанаас гарсныг нь огт мэдэхгүй байна” гэж Дензел Вашингтоны эрх ашгийг төлөөлдөг PMK Entertainment компанийн ерөнхийлөгч Алан Нироб тус сонинд хэлжээ.

Цагаан ордон хэвлэлийн асуултад хариу өгөөгүй байна. Харин Трампын нийтлэл Truth Social-д одоогоор хэвээр байгаа аж.
