“Big Bang” хамтлагийн гишүүн асан T.O.P-ын шүтэн бишрэгчдийн “Choidot” цахим хуудас 20 жилийн дараа үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ.
Тус хуудасны зүгээс хаах болсон шалтгааныг T.O.P болон түүний харьяалагддаг “Topspot Pictures” агентлаг шүтэн бишрэгчидтэйгээ хангалттай харилцаж чадаагүй, дэмжлэгийг нь үл тоомсорлосон гэж үзсэнтэй холбон тайлбарлажээ.
“Олон жилийн хуримтлагдсан гомдол байсан”
“Choidot” 2006 оны наймдугаар сарын 24-нд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ сарын 10-нд хааж буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Тэдний тайлбарласнаар, уг шийдвэрт T.O.P болон Нана нарын хайр сэтгэлийн харилцаатай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл нөлөөлөөгүй аж. Харин уран бүтээлч болон агентлагт хандсан олон жилийн бухимдал, сэтгэл дундуур байдал хуримтлагдсан нь гол шалтгаан болсон гэжээ.
“Choidot”-ын албан ёсны X хуудсанд “Бодит байдалтай нүүр тулахаас татгалзах, хариуцлагаас зайлсхийх, шүтэн бишрэгчдийнхээ чин сэтгэлийг үл тоомсорлох зэрэг үйлдлүүдийг нь бид цаашид зүгээр орхиж болохгүй гэж шийдсэн” хэмээн нийтэлсэн байна.
“Topspot Pictures” уучлалт хүсэв
Фэн хуудас хаах шийдвэрээ зарласны дараа аравдугаар сарын 10-нд “Topspot Pictures” агентлаг шүтэн бишрэгчдээс уучлалт хүсчээ.
Агентлагийн мэдэгдэлд “Биднийг хүлээж байсан хүмүүстээ хангалттай мэдээлэл өгч, харилцах боломж бүрдүүлж чадаагүйгээс болж шүтэн бишрэгчид сэтгэл дундуур, бухимдалтай үлджээ. Чин сэтгэлээсээ уучлал эрж байна. Бид шүтэн бишрэгчдийнхээ санал хүсэлтийг цаашид илүү анхааралтай сонсож, уран бүтээлчийн үйл ажиллагаа болон компанийн нийт үйл ажиллагаанд идэвхтэй тусгана” гэжээ.
Мөн цаашид фэнүүдтэй харилцах арга барил болон компанийн үйл ажиллагаанд ямар өөрчлөлт хийхээ албан ёсны сувгуудаараа мэдээлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
