Table of Contents
Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлагийн гол хоолой, бүжигчин Жимин (Пак Жи Мин) өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны өдөр 31 нас хүрч байна. 1995 онд БНСУ-ын Пусан хотод мэндэлсэн тэрбээр 2013 онд хөгжмийн урлагийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш дэлхийн хэмжээний од болон төлөвшжээ.
Соло амжилт ба “Billboard”-ийн түүхэн дээд амжилт
Жимин хамтлагийнхаа хүрээнээс гадна бие даасан уран бүтээлчээрээ олон улсын зах зээлд өндөр амжилт тогтоосон юм. Түүний 2023 оны гуравдугаар сарын 24-нд гаргасан “Face” анхны соло мини цомгийн гол бүтээл болох “Like Crazy” нь АНУ-ын “Billboard Hot 100” чартыг тэргүүлсэн байна. Ингэснээр тэрбээр тус чартын нэгдүгээрт бичигдсэн анхны Өмнөд Солонгосын соло уран бүтээлч төдийгүй уг амжилтад хүрсэн BTS-ийн анхны гишүүн болсон түүхтэй. Цар тахлын үеийн мэдрэмж, ганцаардлыг хөндсөн эл цомогт “Face-off”, “Interlude: Dive”, “Set Me Free Pt.2”, “Alone” дуунууд багтсан бөгөөд Жимин зохиол, үзэл баримтлал, дүрслэлийн ажилд нь биечлэн оролцжээ.
Үүний дараа 2024 оны долдугаар сарын 19-нд тэрбээр хайр дурлал, бүтээлч онгодын эрэл хайгуулыг илэрхийлсэн долоон дуутай “Muse” нэртэй хоёр дахь бие даасан цомгоо толилуулсан юм. Тус цомгийн тэргүүн бүтээл “Who”-гоос гадна Loco-той хамтарсан “Smeraldo Garden Marching Band”, жүжигчин Софиа Карсонтой хамтарсан “Slow Dance” зэрэг бүтээл багтсан бөгөөд Жимин зургаан дуунд хамтран зохиогчоор, хоёр дуунд продюсерээр ажиллажээ. Түүнчлэн тэрбээр өмнө нь “Promise” (2018), “Christmas Love” (2020) дуунуудаа гаргаж байснаас гадна Ха Сун Үнтэй хамтран “With You” (2022), “Bigbang”-ийн Taeyang-тай хамтран “Vibe” (2023) дуунд ажиллаж байв.
Урлагийн гараа ба хамтлагийн түүх
Өсвөр наснаасаа бүжигт дурласан Жимин Пусаны урлагийн ахлах сургуульд орчин үеийн бүжгээр хичээллэж, авьяас ур чадвараараа үнэлэгдэн 2012 онд “Big Hit Entertainment”-д шалгарчээ. Улмаар жилийн дараа буюу 2013 оны зургадугаар сард RM, Жин, Suga, j-hope, V, Жонгүг нарын бүрэлдэхүүнтэйгээр “2 Cool 4 Skool” цомгоор дамжуулан тайзнаа анх гарч байв.
Хамтлагийн уран бүтээлд тэрбээр өвөрмөц өнгө аястай хоолой, тайзны ур чадвараараа онцгойрч, “Lie”, “Serendipity”, “Filter” зэрэг соло бүтээлүүдээрээ өөрийн өнгө төрхийг дархалсан юм. BTS хамтлаг нь “Billboard Music Awards”, “American Music Awards”, “MTV Video Music Awards” зэрэг томоохон шагналуудыг хүртэж, “Грэмми”-д нэр дэвшиж байснаас гадна гишүүд нь 2018 онд БНСУ-ын Засгийн газрын “Хвагван” соёлын гавьяаны одонгоор шагнагджээ.
Цэргийн алба ба хөгжмийн өв
Жимин 2023 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хамтлагийн гишүүн Жонгүгийн хамт эх орныхоо заавал хаах цэргийн албанд татагдсан юм. Тэрбээр цэрэгт мордохоосоо өмнө шүтэн бишрэгчдэдээ зориулан “Closer Than This” дуугаа бэлэг болгон үлдээсэн билээ.
Пусаны урлагийн сургуулийн бүжгийн заалнаас гараагаа эхэлсэн түүний уран бүтээлч замнал өдгөө дэлхийн хөгжмийн ертөнцөд арилшгүй мөр үлдээгээд байна.
