Монгол уран бүтээлчдийн ур ухаан, үндэсний үйлдвэрлэлийн чансаа дэлхийн бүтээлч салбарын хамгийн дээд оргилд үнэлэгдлээ. “Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцсон Монгол Улсын шигшээ багийн ёслолын хувцас дэлхийн реклам, бүтээлч чадварын “Оскар” гэгддэг “Cannes Lions International Festival of Creativity” наадмын шилдэг бүтээлийн жагсаалт (Shortlist)-д албан ёсоор шалгарсан байна. Энэхүү хувцсыг Монголын Үндэсний Олимпын Хорооны (МҮОХ) дэмжлэгтэйгээр үндэсний үйлдвэрлэгч “Гоёл Кашмер” компани тусгайлан урласан билээ.
Монгол Улсаас анх удаа “Cannes Lions”-д тэмдэглэгдсэн түүхэн мөч
Энэхүү үйл явдал нь Монголын соёл, дизайн, маркетингийн салбарын түүхэнд шинэ хуудас нээж байна. Учир нь манай улсаас “Cannes Lions” наадмын нэр хүндтэй финал буюу “Shortlist”-д уран бүтээлээ багтааж чадсан анхны тохиолдол нь энэ болж байгаа юм. Дэлхийн брэндүүд, хамгийн шилдэг креатив агентлагууд өөрсдийн сор болсон санаагаа уралдуулдаг тус талбарт монгол кашмер, монгол дизайн ийнхүү тодрон гарлаа.
Тус шалгаруулалтын цар хүрээ болон өрсөлдөөнийг харуулсан гол баримтуудыг дурдвал:
- Ширүүн өрсөлдөөн: Наадамд дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн, олон сая долларын өртөгтэй 1000 гаруй шилдэг бүтээл өрсөлдсөн байна.
- Шилдэг 10 хувь: Ирүүлсэн нийт бүтээлийн ердөө шилдэг 10 хувьд нь багтсан уран бүтээлүүд л энэхүү нарийн шалгууртай жагсаалтад (Shortlist) нэрээ бичүүлэх эрх авдаг.
- Үндэсний баялаг: Олимпын талбарт дэлхий нийтийн харааг булаасан манай тамирчдын өмсгөл одоо харин дэлхийн урлаг, бүтээлч байдлын экспертүүдийг бишрүүлж чадлаа.
Үндэсний өв соёл, орчин үеийн загварын чиг хандлагыг тансаг зэрэглэлийн ноолууран материалтай төгс хослуулсан “Гоёл Кашмер”-ын хамт олон болон МҮОХ-нд баяр хүргэж, дараагийн шатны шалгаруулалтад нь өндөр амжилт хүсье!