АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ын 2026 оны драфтын нэг болон хоёрдугаар тойргийн сонголтууд албан ёсоор хийгдэж өндөрлөлөө. Монгол Улсаас анх удаа НБА-ын драфтад нэрээ дэвшүүлж, түүхэн боломжийн ирмэгт ирээд байсан Ш.Энхийн-Од багуудын албан ёсны 60 сонголтод багтаж чадаагүй ч түүний дэлхийн шилдэг лигт тоглох мөрөөдөл үргэлжилсээр байна. Тэрбээр драфтын дараа шуурхай ажиллаж, НБА-ын хүчирхэг багуудын нэг болох “Орландо Мэжик”-тэй гэрээ байгуулж чаджээ.
Драфтын дараах дараагийн зогсоол: NBA-ын Зуны лиг
Ш.Энхийн-Одын хувьд драфтад сонгогдоогүй ч “Орландо Мэжик” баг урилга илгээн, энэ зун зохион байгуулагдах алдартай “Зуны лиг” (Summer League)-т өөрийн багийн нэр дээрээс тоглуулахаар албан ёсны гэрээ байгуулсан байна. Энэ нь чөлөөт агент буюу драфтад сонгогдоогүй залуу тоглогчдод НБА-д хөл тавих хамгийн том талбар болдог бөгөөд тамирчин өөрийн авьяас чадвар, тактикийн гүйцэтгэлээ багуудын удирдлагуудад шууд харуулах боломж юм.
НБА-ын тамирчин болох боломжит хувилбарууд
Хэрэв манай тамирчин “Зуны лиг”-ийн тоглолтуудад өөрийгөө дайчлан, Орландо Мэжик болон бусад багуудын скаутууд, дасгалжуулагчдын анхааралд өртөж чадвал түүнд НБА-ын албан ёсны тоглогч болох хэд хэдэн бодит боломж нээгдэнэ. Үүнд:
- 10 хоногийн гэрээ (10-day contract): Багууд улирлын явцад бүрэлдэхүүнээ зузаатгах эсвэл түр хугацаанд тоглогч турших зорилгоор олгодог богино хугацааны гэрээ.
- Хоёр талт гэрээ (Two-way contract): НБА-ын үндсэн баг болон түүний харьяа ЖИ-Лиг (G-League)-ийн багт зэрэг харьяалагдан тоглох боломжтой, залуу тоглогчдыг хөгжүүлэхэд чиглэсэн гэрээ.
- Үндсэн гэрээ: Шууд багийн үндсэн бүрэлдэхүүнд багтан хөгжлийн болон үндсэн лигт тоглох урт хугацааны албан ёсны гэрээ байгуулах.
Ш.Энхийн-Одын хувьд бэлтгэл сургуулилалтаа тасралтгүй хангаж, Зуны лигийн хариуцлагатай тулаануудад бэлэн гэдгээ харуулсаар байна. Эх орныхоо нэрийг дэлхийн сагсан бөмбөгийн оргилд гаргахаар зүтгэж буй залуу тамирчиндаа спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе!