Үндэсний бөхийн улсын начин, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртэхээр болжээ. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат тэрбээр өдгөө чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна.
Олимп, дэлхийн дэвжээнд гаргасан амжилтууд
Ж.Чулуунбат Монголын чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд есөн удаа түрүүлсэн бөгөөд олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн амжилттай оролцож ирсэн тамирчин юм.
Түүний спортын замнал дахь онцлох амжилтуудаас дурдвал:
- 2012 оны Лондонгийн зуны олимпын наадам – V байр
- 2011 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – V байр
- 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – V байр
- Азийн аварга шалгаруулах тэмцээн – хоёр мөнгө, гурван хүрэл медаль
- Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн – есөн удаагийн түрүү
Аймгийн арслангаас улсын начин хүртэл
Чөлөөт бөхийн зэрэгцээ үндэсний бөхөөр амжилт гаргасан Ж.Чулуунбат 2005 онд Баянхонгор аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртэж байв.
Улмаар Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд зодоглосон 1024 бөхөөс тав давж, улсын начин болсон түүхтэй. Тэрбээр тухайн наадмын тавын даваанд улсын харцага Д.Батболдыг давснаар улсын цолны болзол хангасан юм.
Тамирчны хувиар хуримтлуулсан туршлагаа өдгөө шигшээ багийн тамирчдад өвлүүлж буй Ж.Чулуунбатад Гавьяат тамирчин цол хүртээх болсон нь түүний спортын замнал, олон жилийн хөдөлмөрийг үнэлсэн хэрэг юм.
