Монголын шатрын спорт олон улсын удирдлагын түвшинд анхны төлөөлөлтэй болж байна. Дэлхийн шатрын холбоо (ФИДЕ)-ны зөвлөл 2026–2028 онд ажиллах Тамирчдын комиссын бүрэлдэхүүнийг баталж, Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуулыг гишүүнээр сонгожээ.
Тэрбээр тус комисст багтсан Монголын анхны шатарчин болж байгаа бөгөөд дэлхийн шилдэг шатарчидтай хамтран тамирчдын эрх ашгийг хамгаалах, тэдний санал, байр суурийг олон улсын холбооны түвшинд илэрхийлэх чиглэлээр ажиллах юм.
Тамирчдын комиссын шинэ бүрэлдэхүүн
ФИДЕ-гийн ирэх хоёр жилийн хугацаанд ажиллах Тамирчдын комисст дараах долоон шатарчин багтжээ.
- Б.Мөнгөнтуул – Монгол
- Левон Аронян – АНУ
- Максим Вашье-Лаграв – Франц
- Ирина Круш – АНУ
- Ханс Моке Ниманн – АНУ
- Омар Ноаман – АНЭУ
- Тран Тхань Ту – Япон
Бүрэлдэхүүнд их мастеруудын зэрэгцээ олон улсын мастер Омар Ноаман багтсан байна.
Өсвөр наснаасаа дэлхийн дэвжээнд өрсөлдсөн замнал
Өдгөө 39 настай Б.Мөнгөнтуул 23 жилийн өмнө буюу 16 насандаа эмэгтэй их мастер цол хүртэж, Монголын шатрын спортын түүхэнд анхдагч болж байв.
Тэрбээр 2000 онд Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа багтаж, Дэлхийн шатрын олимпиадын хоёрдугаар ширээнд тоглон, 14 өргөөс 9.0 оноо авчээ. Мөн 2025 онд ФИДЕ-гийн гранпри тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлсэн амжилттай.
Б.Мөнгөнтуулын комиссын гишүүнээр сонгогдсон нь Монголын шатрын хувьд зөвхөн тамирчны хувийн амжилтаар хязгаарлагдахгүй үйл явдал юм. Энэ нь Монголын шатарчдын дуу хоолойг олон улсын шийдвэр гаргах түвшинд хүргэх, дэлхийн шатрын хөгжлийн бодлогод оролцох шинэ боломжийг нээж байна.

2 comments
Монголын шатарчид дэлхийд үнэлэгдэж байгаагийн шинж дээ, бахархаж байна
Үнэхээр сайхан мэдээ байна, амжилт хүсье