Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн бизнес эрхлэгч, телевизийн хөтлөгч Стивен Бартлеттэд ярилцлага өгөх үеэрээ нойрны ноцтой асуудалтай болсон тухайгаа ярьжээ. Энэ талаар Бартлетт өөрийн X хуудсаараа дамжуулан мэдээлсэн бөгөөд уг агшин тун удахгүй цацагдах ярилцлагын танилцуулга бичлэгт багтсан байна.
Ярилцлагын явцад түүнээс өрнөж буй нөхцөл байдлыг хувь хүнийхээ хувьд хэрхэн даван туулж байгааг нь асуухад Зеленский туйлын хүнд хэцүү үеийг туулж байгаагаа хэлжээ.
«Энэ үнэхээр хүнд байна. Үнэнийг хэлэхэд би унтаж чадахгүй байгаа. Энэ бол хэнд ч хүсмээргүй аймшигтай, тэвчихийн аргагүй өвдөлт шаналал юм» хэмээн Украины удирдагч өгүүлсэн байна.
Удалгүй ярилцлага авч буй сэтгүүлч Зеленскийн нүдэнд нулимс цийлэгнэснийг анзаарч асуухад тэрээр «Тийм ээ» хэмээн товч хариулжээ.
