Японд амттан хайсан баавгай айлууд руу цуврал дайралт хийжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
black bear

Японы эрх баригчид өндөр настан хосын гэрт нэвтэрч, хөргөгчийг нь уудалж, хүнсийг нь гал тогооны өрөөнд нь тарааж хаясан Азийн хар баавгайг эрэн сурвалжилж байна. Хууль сахиулагчдын үзэж байгаагаар энэхүү амьтан сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Шидзукуиши (Shizukuishi) хотод гарсан ижил төстэй 14 удаагийн халдлагад холбоотой байж магадгүй гэнэ.

7-р сарын 13-ны орой 87 настай Мицуо Мацубара гал тогооны өрөөнд нь чимээ гарахад юу болсныг шалгахаар очжээ. Тэнд тэрээр Азийн том хар баавгай байхыг харсан байна. Хөргөгч нь нээлттэй байсан бөгөөд хүнсний зүйлс шалаар нэг тарсан байв. Эхнэр нь даруй цагдаа дуудсан байна.

Нэг баавгайн цуврал дайралт

Сүүлийн хоёр долоо хоногт тус хотын дор хаяж таван дүүрэгт ийм хэрэг гарчээ. Баавгайн ижил төстэй зан авираас шалтгаалан мэргэжилтнүүд эдгээр бүх хэргийн ард нэг л баавгай байгаа гэж таамаглаж байна.

“Баавгай нэг газартаа олон удаа эргэж ирэх нь ховор байдаг. Энэ нь нэг л амьтан байх магадлал маш өндөр тул бид түүнийг аль болох хурдан барихыг хүсэж байна” гэж Иватэ мужийн байгаль хамгаалах хэлтсийн баавгай судлаач Шихо Чида тэмдэглэжээ.

Амьтныг барихын тулд эрх баригчид хавх-торон хашаа суурилуулж, баавгайн хамгийн их очдог байсан байшингуудын ойролцоо цахилгаан хашаа татаж, эргүүлийн хамгаалалтыг чангатгасан байна.

Фермүүд рүү довтолсон нь

Зарим оршин суугчид баавгайг гал тогооны өрөөндөө харж байхад, зарим нь ферм дээрээ олон удаа таарчээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд хяналтын камерт түүнийг фермийн байранд нэвтэрч, үхрийн тэжээл идэж буйг дөрвөн удаа бичиж авсан байна. Нэг удаа баавгай фермийн байшингийн гүйдэг хаалгыг нээх гэж оролдсон бөгөөд эзэн нь түүн рүү гар чийдэн тусгаж, чанга хашхирсны дараа зугтжээ. Үүний дараа фермер урилгагүй зочныг үргээх найдвартай арга бодож олж, орох хаалгануудын орчимд япон гичийн (васаби) гар хийцийн холимог цацсан байна.

Хаалгаар дайрсан ба уламжлалт амттан

Өнгөрсөн долоо хоногт баавгай бас нэгэн орон сууцанд нэвтэрчээ. Байшингийн эзэн дэлгүүрээс буцаж ирэхдээ хөгшин аавынхаа унтаж байсан өрөөний ойролцоо баавгай байхыг харсан байна. Хаалгыг чанга тогшсоны дараа баавгай гаднаас гүйн гарсан боловч бараг тэр даруй буцаж орохыг оролджээ.

Эзний хэлснээр, баавгай хойд хөл дээрээ зогсон дотогш дайрахыг оролдох үед тэрээр гүйдэг хаалгыг 30 орчим секундын турш барьж зогссон байна. Тэрээр амьтны өндрийг ойролцоогоор 1.65 метр байсан гэж хэлжээ.

Дараагийн орой нь өөр нэг нутгийн оршин суугч эмэгтэй гал тогоондоо хоол хайж байсан баавгайтай таарчээ. Харин ням гарагт уг амьтан уламжлалт япон амттаны дэлгүүрт нэвтэрч, хөргөгчөөс нь пончик авч идсэн байна.

Уг баавгайг хамгийн их татдаг зүйл нь чихэрлэг амттан бололтой. Тэрээр нэгэн байшинд таван удаа эргэж ирэхдээ жигнэмэг, элсэн чихэр болон каринто (тосонд шарж, элсэн чихрээр бүрсэн уламжлалт япон амттан) зэргийг идсэн байна.

Баавгайн халдлага нэмэгдэж буй шалтгаан

Сүүлийн жилүүдэд Японд баавгай хүн рүү дайрах, тэр дундаа амь насанд нь хүрэх тохиолдол эрс нэмэгджээ. Мэргэжилтнүүд үүнийг хөдөө орон нутгийн хүн ам цөөрч байгаатай холбон тайлбарлаж байна. Үүнээс болоод зэрлэг амьтад суурьшлын бүс рүү илүү олон орж, улмаар хүнээс айх айдсаа алдаж эхэлжээ.

Эх сурвалж: The Guardian

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй