Дэлхийн 20 гаруй орны парламентын 88 эмэгтэй гишүүн “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотод чуулж байна.
Оролцогчид парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах асуудлыг хэлэлцэнэ. Мөн улс орнуудын туршлага, мэдлэгийг хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх юм.
Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэнэ
Чуулганы гол анхаарал нь эмэгтэй парламентчдын тоон төлөөллийг бодлого, хууль тогтоох үйл явц дахь бодит нөлөөлөлтэй холбох асуудалд чиглэж байна.
Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд жендэрийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжиж ирсэн.

Улаанбаатарт эмэгтэйчүүдийн олон улсын уулзалтууд зохион байгуулж иржээ
Монгол Улс сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлалтай холбоотой хэд хэдэн олон улсын арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулсан байна. Үүнд:
- 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал
- 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт
- 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт
- 2025 онд Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт багтжээ.
Энэ удаагийн чуулганаар эмэгтэй парламентчдын төлөөлөл, шийдвэр гаргах түвшин дэх нөлөөллийг нэмэгдүүлэх талаар улс орнуудын туршлагыг хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг тодорхойлохоор зорьж байна.
