Дэвид Бекхэм Их Британийн анхны тэрбумтан тамирчин боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дэвид Бекхэм

Английн шигшээ багийн ахлагч асан Дэвид Бекхэм Их Британийн спортын түүхэн дэх анхны тэрбумтан тамирчин болсныг “The Times” мэдээллээ.

Өдгөө 51 настай хөлбөмбөгчин болон түүний гэргий, дуучин бөгөөд загвар зохион бүтээгч Виктория Бекхэм нарын нийт хөрөнгө 1 тэрбум 185 сая фунт стерлинг хүрчээ. Хосуудын хөрөнгө сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр дахин өссөн байна.

“The Times” сонинд бичсэнээр, энэхүү огцом өсөлт нь Бекхэмийн 2018 онд хамтран байгуулсан Америкийн MLS лигийн “Интер Майами” клубт оруулсан хөрөнгө оруулалттай шууд холбоотой аж. “Алтан бөмбөг”-ийн найман удаагийн эзэн Лионель Месси тоглож буй тус багийн Бекхэмд ногдох хувьцаа одоогийн байдлаар 300 сая фунт стерлингээр үнэлэгдэж байна.

“Forbes” сэтгүүлээс гаргадаг дэлхийн тэрбумтан тамирчдын жагсаалтад өмнө нь дараах эрхмүүд багтаж байв:

  • Майкл Жордан (4.3 тэрбум ам.доллар)
  • Мэжик Жонсон (1.6 тэрбум ам.доллар)
  • Тайгер Вүүдс (1.5 тэрбум ам.доллар)
  • Леброн Жэймс (1.4 тэрбум ам.доллар)
  • Рожер Федерер (1.1 тэрбум ам.доллар)

Дэвид Бекхэм 2013 онд зодог тайлсан бөгөөд замналынхаа туршид “Манчестер Юнайтед”, “Реал Мадрид”, ПСЖ, “Милан” болон “Лос-Анжелес Гэлакси” зэрэг дэлхийн шилдэг багуудад тоглож байв. Тэрээр Англи, Испани, Францын аварга болж, Аваргуудын лигт түрүүлж байсан билээ. Тэрээр Английн шигшээ багийн төлөө 115 тоглолтод оролцож, зургаан жилийн турш багийг ахлан талбайд гарсан юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй